Туркийн шүүх Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы амь насыг хөнөөхийг завдсан үндэслэлээр 40 хүнд бүх насаар нь хорих ял оноосон байна. Өнгөрсөн онд Турк улсад болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Эгийн тэнгисийн эрэг дээрх тансаг зэрэглэлийн зочид буудалд Ерөнхийлөгч Эрдоганы амь насанд халдахаар хуйвалдаан зохион байгуулсан гэж дээрх 40 хүнийг буруутгаж, шүүхээс ийнхүү бүх насаар нь хорих ял оноожээ.
Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард эхэлснээс хойш 50 гаруй хүнийг шүүжээ. Турк улс төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогоос хойш олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь гэмт этгээдүүдийг шүүх ажиллагаа юм. Өнгөрсөн оны долоодугаар сарын 15-ны шөнө Туркийн цэргийнхэн танк, байлдааны онгоц, нисдэг тэрэг ашиглан парламентын ордон руу дайрч, Засгийн газраа унагаахыг оролдсон, энэ үеэр 241 хүн амь насаа алдаж, 2194 хүн гэмтэж шархадсан юм.
Энэхүү бүтэлгүй оролдлогын дараа Турк улсад цэрэг армийн албан тушаалтан, нисгэгч, цагдаагийн ажилтан, төрийн албан хаагч, академичид, багш нар гээд олон мянган хүн төрийн эргэлт хийх хуйвалдаанд оролцсон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Туркийн Засгийн газар бүтэлгүйтсэн энэ хуйвалдаанд 1999 оноос хойш АНУ-д дүрвэн гарч амьдарч байгаа Туркийн шашны номлогч Фетхулла Гуленыг буруутгаж байгаа юм. Түүнийг Турк улсад шилжүүлж өгөхийг АНУ-аас шаардсаар байгаа юм. Үүний зэрэгцээ Турк улс нь 2004 онд цаазын ялыг халсан боловч Туркийн эрх баригчид төрийн эсрэг боссон буруутнуудыг шийтгэхийн тулд цаазын ялыг сэргээх тухай яригдаж байна.
| Турк 40 хүнд бүх насаар нь хорих ял оноов | ||
| Үзсэн: 2709 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.