АНУ Вашингтон хот дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газөр болон Сан Франциско хот дахь ерөнхий консулын газрын барилгаас Оросын төрийн далбааг буулгаж, далбааг барилга дотор хамгаалалттайгаар хадгалж байгааг төрийн департамент нь баталсан байна. Мөн Нью Йорк дахь Оросын төлөөлөгчийн газрын салбар нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан учир төрийн далбаагүй байсан гэж Төрийн департаментын тайлбарт онцолжээ. Гэвч ОХУ АНУ-ын энэ алхамыг хоёр орны харилцааг хэвийн болгох хүчин чармайлтанд саад учрууллаа гэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн 9-р сарын 2-ны өдөр АНУ-ын эрх баригчид Вашингтон хот дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар болон Нью Йорк хот дахь салбарыг нь тус тус хаасан юм. Мөн Сан Франциско хот дахь Оросын ерөнхий консулын газрыг хааж, консулын байрыг 10-р сарын 1 гэхэд суллаж өг гэсэн шаардлага тавьсаны дагуу өнгөрсөн сард ОХУ-ын дипломатууд консулын газрыг орхин, эх орондоо очсон. АНУ-ын засаг захиргаа Оросын эдгээр дипломат төлөөлөгчийн байруудын халдашгүй дархан эрхийг хасаж, хөрөнгийг хураана гэдгээ анхааруулсан юм. Энэ дагуу Оросын төрийн далбааг буулгасан, гэхдээ төрийн далбааг хамгаалалттайгаар барилга дотор зохих ёсны дагуу хадгалж байгаагаа Вашингтон мэдэгдэж байна.
Гэхдээ Москвагийн түрээсээр ашиглаж байсан Нью Йорк дахь худалдааны төлөөлөгчийн газрын барилгаас бусад дипломат албаны барилгууд одоо ч Оросын эзэмшлийн хөрөнгө хэвээр байгаа юм. АНУ дахь Оросын элчин сайдын яам өмнө нь Сан Франциско хот дахь ерөнхий консулын газрынх нь барилгаас төрийн далбааг нь буулгасантай холбогдуулж, АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, төрийн далбаануудыг нь нэн даруй эргүүлэн байрлуулахыг шаардаж байсан юм. АНУ Оросын дипломат төлөөлөгчийн газруудын барилгаас төрийн далбаануудыг буулгасан нь хууль бус бөгөөд өдөөн хатгасан алхам төдийгүй хоёр орны харилцааг хэвийн болгох хүчин чармайлтанд саад хийх гэсэн Америкийн албан тушаалтнуудын нөхөрсөг бус алхам гэж АНУ-д суугаа ОХУ-ын худалдааны төлөөлөгч Александр Стадник ТАСС-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
| ОХУ: АНУ хоёр орны харилцааг хэвийн болгох хүчин чармайлтад саад боллоо | ||
| Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.