Шууд Chart

Иракийн шүүх Курдуудыг баривчлах зөвшөөрөл олгов

2017-10-13 10:29:06

Иракийн шүүх өнгөрсөн сард болсон тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан Курдистаны сонгуулийн хорооны гишүүдийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Курдистан мужийн засаг захиргаа өнгөрсөн сарын 25-нд бүх нийтийн санал асуулгыг дангаар шийдвэрлэн явуулсан боловч Иракийн төв засгийн газар болон хөрш орнууд Турк, Иран болон АНУ-аас эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Курдын автономит муж Иракаас тусгаар тогтнохыг уг санал асуулгад оролцогчдын дийлэнх хувь нь дэмжсэн юм. Курдистан мужийн засаг захиргаа бүх ард түмнээс авсан санал асуулгадаа суурьлаад тусгаар тогтнох асуудлыг төв засгийн газартайгаа яриа хэлэлцээ хийх сонирхолтой байна. Гэвч Иракийн төв засгийн газар Курдуудын бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаа юм. Ийм учраас Төв засгийнхаа хүсэлтээр Багдадын шүүх Курдистан мужийн сонгуулийн хорооны даргыг хоёр туслахынх нь хамт баривчлах шийдвэр гаргасан байна.

Шүүхийн хувьд эдгээр 3 албан тушаалтанг бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг цуцлах тухай дээд шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэдэг үндэслэлээр баривчлах зөвшөөрөл өгч байна. Одоогоор Иракийн засгийн газар баривчилгааг явуулах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ шүүхийн энэ шийдвэр Иракийн эрх баригчид болон Курдын автономит мужийн эрх баригчдын хоорондын зөрчлийг нэмэгдүүлэхэд түлхэц болж магадгүй гэж ажиглагчид харж байна.

Одоогоор Багдад Курдын эрх баригчдыг гадны улс орон руу зорчихыг нь хориглох зэргээр шахалт үзүүлээд эхэлсэн. Түүнчлэн Иракийн хөрш орнууд ялангуяа Турк, Иран зэрэг орнууд Иракийн Курдуудын тусгаар тогтнох үйл явцийн эсрэг сануулга өгчихөөд байна. Турк л гэхэд Иракийн Курдистанаас газрын тос дамжуулдаг хоолойг хаах зэргээр эдийн засгийн ашиг сонирхолыг нь боогдуулах талаас нь анхааруулаад байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн шүүх Курдуудыг баривчлах зөвшөөрөл олгов  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй