Олон улсын анхаарлын төвд байгаа опелиа (ophelia) хар салхины улмаас өнөөдөр Ирланд улс даяар онц байдал зарлалаа. Бүх сургууль, коллеж, цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагааг хааж, онц шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ өнжихийг сануулж байна.

Ирландын орон нутаг хоорондын тээврийн үйлчилгээ үйлддэг ''Бус айрэн" компани орон нутгийн цагаар өнөөдөр 14:00 хүртэл бүх үйлчилгээгээ хаажээ. Хот доторх тээврийн үйлчилгээ явуулдаг "Дублин бус" компани ч өдөр 14:00 цагаас эхлэн зарим шугамын үйлчилгээнүүдээ түр зогсоохоо мэдэгдээд байна.

Орон нутгийн зарим нислэг цуцлагдсан төдийгүй заавал ажиллахаар дуудагдаагүй нөхцөлд ард иргэдийг ажилдаа явахгүй, өөрсдийн аюулгүй байдлыг ханган гэртээ үлдэж, цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх хэрэгтэйг сануулж байна. Мөн цахилгааны ил утас, том мод, чулуу зэргээс болгоомжлох, онцгой нөхцөл үүсээгүй тохиолдолд эмнэлэгт үзүүлэхээр өөрийн биеэр ирэхгүй байх, гал команд, түргэн тусламж гэх мэт тусгай дугаарууд руу залгаж мэргэжлийн хүмүүстэй холбогдож тусламж хүсэхийг телевиз, радио, FM-ээр онцгойлон анхааруулж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлан хуралдсан Ирландын Засгийн газрын хуралдаан өчигдөр эхэлж, шөнөжин үргэлжилж, одоогоор түр завсарлаад байна.
Тэд одоогоос 2 цагийн дараа буюу Ирландын цагаар өглөөний 10:30 минутад дахин хуралдах юм. Яг одоогийн нөхцөл байдлын хувьд Дублин хотод төдийгүй нийт нутгуудаар маш үүлэрхэг, салхины эрч өглөө эрт байснаас илүү ширүүссэн байдалтай, үргэлжлэн орсон бороо түр зогсоод байна.
Монголчууд олноороо суурьшдаг Ирланд улсын нийслэл Дублин хотод цаг агаарын байдал бусад далайн эрэг дагуух хотуудаас харьцангуй тогтуун байгаа ч сүүлийн олон жил үзэгдээгүй энэхүү далайн хар салхи нутгийн баруунаас зүүн рүү шилжин зарим үед 95м/с хүрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс ард иргэдийг эдгээр өдрүүдэд анхаарал болгоомжоо сулруулалгүй сонор сэрэмжтэй байхыг Цаг агаарын урьдчилсан мэдээний алба, Онцгой байдлын албанаас байнга сануулсаар байна гэж "Монголын мэдээ" телевизийн Ирланд улс дахь сурвалжлагч Б.Батцэнгэл мэдээллээ.


| Ирланд улс даяар онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 12579 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.