Шууд Chart

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Умард Солонгосын тухай мэдээлэхийг хоригложээ

2017-10-17 11:19:55

Ирэх  лхагва гарагт  Бээжин  хотноо  Хятадын  Коммунист  намын  XIX  их хурал эхлэх гэж  байна. Үүнтэй  холбоотойгоор тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд  Умард  Солонгосын  тухай  мэдээлэхийг хатуу  хоригложээ.

Хятадын  олон  нийтийн хэвлэл  мэдээллийн хэрэгслүүдэд  Пхеньяны  цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн тухай бие даасан материал бэлтгэж хэвлэхгүй  байх,  зөвхөн  албан  мэдээллийг  л дамжуулахыг  зөвлөсөн байна.  Энэ  нь  Умард  Солонгосыг  тойрсон  асуудалтай  холбоотойгоор Хятадын олон нийтийн эсэргүүцэл  эгдүүцэл  нэмэгдэж,  2 орны  харилцааг  цаашид эрс  муутгахаас  урьдчилан  сэргийлэх  зорилготой  байх гэж  мэргэжилтнүүд  тодорхойлж  байна.  Мөн  Пхеньян  Хятадад  чухал томоохон  арга хэмжээний  үеэр  эсвэл  өмнө нь  ямар  нэгэн  эрс  алхам хийдэгт  Бээжин  сэтгэл  зовнидгийг  Киодогийн  энэ нийтлэлд  тэмдэглэжээ.

Тухайлбал,  өнгөрсөн  5 дугаар сард  БНХАУ-ын  нийслэл  хотноо  Торгоны  замын  эдийн  засгийн  бүс  хөтөлбөртэй холбоотой  30 гаруй  орны  төр засгийн тэргүүн нар  оролцсон томоохон  бага хурал  болоход  Умард  Солонгос  баллистик  пуужингийн  туршилт хийж  байсныг   сануулж  байна.  Түүнчлэн Хятадад  өнгөрсөн  9 дүгээр сард  Бриксийн дээд хэмжээний  уулзалт болохоос  өмнөхөн  Умард  Солонгос  6 дахь удаагийн  цөмийн  туршилтаа хийсэн. 

Сүүлийн үед  Пхеньяны  хэвлэлүүд  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн  хамгийн сүүлд  баталсан хориг арга хэмжээ  бүхий тогтоолыг  дэмжлээ  хэмээн  Бээжинг  буруутгах  болсон.  Тиймээс  Токио  төдийгүй  Сөүл  ч  Хятадын  улс  төрийн гол  үйл  явдалд  тооцогдож  байгаа   Коммунист  намын   их  хурлынх нь  үеэр  эсвэл  өмнө нь  Умард  Солонгос  ямар нэгэн   эрс   үйлдэл  хийж магадгүй  гэж  үзэж  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Умард Солонгосын тухай мэдээлэхийг хоригложээ  
Үзсэн: 3320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй