БНХАУ-ын коммунист намын XIX их хурал өнөө өглөө 09: 00 цагт Бээжин хотын Ардын их хурлын танхимд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагааг Хятадын төв телевизээр шууд дамжуулж байна. Энэ удаагийн хурлаар намын төв хорооны тайлан, мөн намын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, сахилга батад хяналт шалгалт хийх Коммунист намын төв хорооны ажлын тайлангийн төслийг ч хэлэлцэх юм байна.

Коммунист намын дүрмэнд засаглалын шинэ үзэл санаа, стратеги бүхий зүйл заалтаар нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Гэхдээ одоо Си Зиньпиний үзэл санааг намын дүрмэнд түүний нэрээр оруулах эсэхийг шийдэж буй юм байна. Одоогоор Хятадын коммунист намын дүрмэнд өмнөх хоёр удирдагчийн нэр бүхий хоёр зарчим байдаг юм байна. Нэг нь Хятад улсыг үндэслэгч гэгддэг Мао Зедуны үзэл санаа, нөгөө нь Хятадын нээлттэй хаалга, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг тунхагласан Дэн Сьяопиний үзэл санаа юм.
Намын дүрмэнд Хятадын өмнөх дарга нар болох Зян Земинь, Ху Жиньтао нарын онолуудыг багтаасан байдаг ч тэдний нэрээр оруулаагүй байдаг юм байна. Мөн их хурлын үеэр БНХАУ-ын удирдагч Си Зиньпин эрх мэдлээ баталгаажуулж чадах эсэх, улс төрийн ямар чиг баримжааг эн тэргүүнд тавихаар төлөвлөж байгаа зэрэг тодорхой болно гэж ажиглагчид харж, хүлээж байна.
Хятадын удирдагч ирэх 5 жилийн улс төрийн болон эдийн засгийн бодлого үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлүүдийг энэ хурлын үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн эрх баригч намын гол шийдвэр гаргадаг намын төв хорооны улс төрийн товчооны гишүүдийн дийлэнхийг өөрчилнө гэж олон улсад харж байна.
Коммунист намын их хуралд улс орны өнцөг булан бүрээс ирсэн 2300 төлөөлөгч оролцож байна. Таван жил тутамд нэг удаа болдог уг их хурал энэ сарын 24-нийг хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ.
| БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал эхэллээ | ||
| Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.