АНУ-ын үнэт цаасны хороо Австрали, Их Британийн хамтын эзэмшлийн уул уурхайн "Рио Тинто" групп болон тус компанийг удирдаж байсан хоёр хүнийг луйврын хэрэгт буруутгасан байна. Тэднийг Мозамбекээс 2011 онд 3.7 тэрбум америк доллараар худалдаж авсан нүүрсний ордоо хэдхэн жилийн дараа 50 сая америк доллараар зарж, алдагдалтай наймаа хийснээ хөрөнгө оруулагчдаасаа нуусан гэдэг үндэслэлээр буруутгаж буй аж.
Нийт 89.3 тэрбум америк долларын хөрөнгөтэй, 50 гаруй мянган ажилтантай "Рио Тинто" нь дэлхийд хоёрдугаарт бичигддэг уул уурхайн групп юм. Мөн Их Британийн Засгийн газраас Африкийн нүүрсний ордыг худалдаж авахтай холбоотой мэдээллийг нууцласных нь төлөө тус группад 27 сая фунтын торгууль ногдуулжээ.
АНУ-ын үнэт цаасны хороо Манхеттэн дэх холбооны шүүхэд хандан "Рио Тинто" компани болон түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Том Албаниз, санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Гай Эллиот нарын эсрэг гомдол гаргасан байна. 2011 онд "Рио Тинто" компани Мозамбекийн нүүрсний ордыг 3.7 тэрбум америк доллараар худалдан авсан боловч нүүрсний чанар, дэд бүтэц, олборлох хэмжээ зэргийг буруу тооцоолсноос бизнес нь бүтэлгүйтэж, улмаар худалдаж авсан үнийнхээ багахан хэсгээр буцаан зарсан юм байна.
Харин энэ алдагдалтай наймаагаа тухайн үед гүйцэтгэх захирал нь байсан Том Албаниз, санхүү эрхэлсэн захирал байсан Гай Эллиот нар хөрөнгө оруулагчдаас нууж, санхүүгийн тайлангаа зориудаар алдаатай гаргасан нь тогтоогдсон гэж зарга мэдүүлэгч тал мэдээлсэн байна. Энэ үед "Рио Тинто" компани АНУ-ын хөрөнгө оруулагчдаас 5.5 тэрбум америк долларын хөрөнгө босгоод байжээ. Харин "Рио Тинто" компани АНУ-ын үнэт цаасны хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, энэ хэргийг шүүх байгууллага үнэн зөвөөр нь шийднэ гэдэгт итгэж байгаагаа мэдэгдсэн байна.
| "Рио Тинто" компанийн экс удирдлагуудыг луйврын хэрэгт буруутгалаа | ||
| Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.