Шууд Chart

Замын-Үүд дэх ложистикийн төвийн ажил үргэлжилж байна

2017-10-23 11:30:23

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна.

Ложистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Азийн хөгжлийн банкны зээлээс санхүүжигдэж буй ложистикийн төвийн барилга угсралтын ажлыг хийхээр Олон улсын нээлттэй тендэрт шалгарсан БНХАУ-ын 21-р товчоо групп ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Ложистикийн төвийн 3,6 км цэвэр усны шугамын ажил, Төмөр замтай хоёр түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1,6 км авто замын ажил, цахилгаан хангамжийн 110 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл, дэд станцийн барилга угсралтын ажлуудыг дотоодын гүйцэтгэгч есөн компани хийж гүйцэтгэв. Харин одоо зам талбайн хучилт, өргөн нарийн цариг, барилга байгууламжийн угсралтын ажил хийгдэж буй.

Ложистикийн төв ашиглалтад орсноор 24 цагийн үйл ажиллагаатай, хоёр ээлжээр ажиллах бөгөөд хоногт 600 орчим вагон буюу 12 гарт тэрэг БНХАУ-ын талаас хүлээн авч ачиж, буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай 200 орчим ажлын байртай байхаар урьдчилан тооцоолжээ.

Манай улс энэхүү ложистикийн төвтэй болсноор хүртэх ашгийг өндрөөр тооцоолж байна. Зүүн өмнөд Азиас ОХУ, Европын холбооны улс орон руу тээвэрлэх ачааг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлээд тогтохгүй Олон улсын тээврийн коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Замын-Үүд дэх ложистикийн төвийн ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй