АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард Вьетнамд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахад бэлэн байна. "Цагаан ордон"-ы өндөр зиндааны төлөөлөгч өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдээллээ.
Тэрбээр “Бид АТЭС-ийн уулзалтын үеэр олон орны удирдагчтай хоёр талт болон олон талт уулзалт хийнэ. Ерөнхийлөгч Трамп яг хэн, хэнтэй уулзалт хийх нь одоогоор тодорхой болоогүй байна” гэлээ.
"Трамп Путинтэй уулзахаар төлөвлөж байна уу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Трамп яг ямар уулзалт хийх тухай мэдээлэл удахгүй тодорхой болох байх” гэж хариуллаа.
Ямар ч байсан Трамп ирэх сарын 3-14-нд Азийн орнуудаар айлчлал хийнэ. Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр Япон, БНСУ, БНХАУ, Вьетнам болон Филиппинд очихоор төлөвлөөд буй. Мөн энэ айлчлалынхаа хүрээнд тэрбээр 11 дүгээр сарын 10-нд Вьетнамын Дананга хотод болох АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Үүнээс гадна Трамп 11 дүгээр арын 12-13-нд Филиппиний нийслэл Манила хотноо болох Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. “Ерөнхийлөгчийн энэ айлчлал АНУ түншүүдтэйгээ сайн харилцаатай гэдгийг илтгээд зогсохгүй Энэтхэг болон Номхон далайн бүс нутгийг чөлөөт, ардчилсан, нээлттэй бүс нутаг болгох үйл хэрэгт америкчууд тэргүүлэх байр сууринаас оролцоно гэдгийг нотлон харуулна” гэж "Цагаан ордон"-ы төлөөлөгч хэллээ.
| Дональд Трамп Владимир Путинтэй уулзахад бэлэн байна | ||
| Үзсэн: 1921 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.