Шууд Chart

Өмнөд Солонгост 2 удаа хүчтэй газар хөдлөлт болжээ

2017-11-16 14:28:47

Өчигдөр Өмнөд Солонгосын, Похан хотноо, орон нутгийн цагаар 2 цаг 29 минутын орчинд рихтерийн шаталбараар 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус улсын цаг уурын газраас мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь Похан хотоос 12 км-ийн зайд, 20 орчим км-ийн гүнд бүртгэгджээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүн байхгүй бөгөөд 50 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэж бэртсэн гэсэн мэдээллийг өгч байгаа ч, орон нутгийн эрх баригчид энэ тоо өсөх хандлагатай байгааг хэлж байна. Мөн хэд хэдэн барилга  байшин нуржээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Похан хотоос 374 км зайтай орших нийслэл Сөүл хотноо ч мэдрэгдсэн байна. Мөн тус хотоос 270 км-ийн зайд орших Жежү аралд  мэдрэгджээ. АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мөн мэдээлж байгаагаар, энэ удаагийн газар хөдлөлт Умард Солонгосын газар нутагт ч мэдрэгдсэн аж.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар, энэ удаагийн газар хөдлөлтөөс хэдэн минутын дараа ахин 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт болсон тус бүс нутаг нь, атомын цахилгаан станц, болон үйлдвэрлэлийн байгууламж ихтэй юм. Гэхдээ, эдгээр үйлдвэрүүдэд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Похан хотод болсон энэ удаагийн газар хөдлөлт нь Өмнөд Солонгосын түүхэнд, хамгийн томд тооцогдох газар хөдлөлтөд бүртгэгдэх бөгөөд өнгөрсөн 2016 оны 9 дүгээр сард 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан юм.

Жич: БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдээд байгаа юм.










Өмнөд Солонгост 2 удаа хүчтэй газар хөдлөлт болжээ  
Үзсэн: 1883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй