Шууд Chart

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа

2026-08-04 16:59:46

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд 2009 онд Иж бүрэн түншлэл, 2015 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ.

Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлд боловсролын салбарт дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал,

  • Монгол, Энэтхэгийн Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй "Энэтхэг–Монголын Найрамдлын" ерөнхий боловсролын сургууль,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэд байгуулагдаж буй Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн төслүүд хэрэгжиж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улс Монгол Улс, Улаанбаатар хоттой олон салбарт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, нийслэлд хэрэгжиж буй сургууль болон, технологийн төвийг хурдан хугацаанд ашиглалтад оруулахад нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам хоорондын ажил хэрэгч, найрсаг харилцаа улам бэхжиж, Монгол, Энэтхэгийн уламжлалт найрамдал, Стратегийн түншлэлийн харилцааг нийслэл хотын түвшинд дэмжин хөгжүүлэхэд харилцан нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 


БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй