НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран “Сүүний үйлдвэрлэлийн метан хийн ялгаруулалтыг бууруулахын тулд эдийн засгийн нотолгоог ашиглах нь” сэдэвт оролцогч талуудын баталгаажуулалтын семинарыг зохион байгуулж байна.
Семинарыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ.
Тэрбээр сүүний үйлдвэрлэл хүнс, хөдөө аж ахуйн салбарын төдийгүй нийгэм, эдийн засгийн олон асуудлын үндэс болдгийг онцолж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ногдох хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, энэ чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь чухал гэлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд Монголд хүлэмжийн хий бага ялгаруулдаг сүүний аж ахуй хөгжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийллээ.
Өнөөдрийн семинараар сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн метан хий ялгаруулалтыг бууруулах бодлого, институцийн болон хөрөнгө оруулалтын нөлөө, Монгол Улсад хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хэрэгжилт, мал аж ахуйн салбарын бодлогыг уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралтын эсрэг бодлоготой уялдуулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой сүүний аж ахуйг хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлүүлэг өрнүүлж байна.
Судалгаагаар 2040 он гэхэд дэлхий нийтэд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл дунджаар 23 хувиар өсөх төлөв бий. Үүнээс сүүний салбарын үйлдвэрлэл хамгийн өндөр буюу 38 хувийн өсөлт үзүүлэхээр байгаа юм. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын энэ өсөлтийг хангахдаа малын тоо толгойг олшруулах бус нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, сүүний үйлдвэрлэлээс гарах метан хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд улс орнууд бодлого боловсруулж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага сүүний үйлдвэрлэлийн метан хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр таван оронд төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Монгол Улс юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

| Сүүний үйлдвэрлэлийн метан хий ялгаруулалтыг бууруулах төслийн семинар боллоо | ||
| Үзсэн: 54 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.