Умард Солонгосын цэргийн жагсаалтай холбоотойгоор АНУ-д цэргийн жагсаал зохион байгуулах Ерөнхийлөгч Дональд Трампийн санал санаачлагын талаар хэвлэлүүд онцлон хөндөж байна. Америкийн зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн Жозеф Данфорд Вашингтон хотноо цэргийн томоохон жагсаал зохион байгуулах төлөвлөгөөг эхлүүлээд байгааг баталсан аж.
Гэхдээ хэдийд, ямар үйл явдлыг тохиолдуулан цэргийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа талаар албан ёсны мэдээлэл одоогоор алга байгаа. Харин Си Эн Эн-ийнхэн Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойгоор буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр цэргийн жагсаал зохион байгуулах санал яригдаж байгаа хэмээн мэдээлээд байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагонд нэгдүгээр сарын 18-ны өдөр болсон зөвлөгөөний үеэр Францын үндэсний өдрөөр Елисейн талбайд болдог шиг томоохон жагсаалыг Вашингтонд хийхийг хүсч байгаагаа тодорхой илэрхийлсэн тухай өнгөрсөн мягмар гарагт "Вашингтон Пост" сонин мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн зун Парист айлчилж, цэргийн жагсаалд хүндэт зочны хувиар оролцсоныхоо дараа ийм санаа төрснийг сэтгүүлчдэд тайлбарлажээ. Харин товын тухайд Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд Францын төрийн тэргүүн Макронтой уулзах үеэрээ Пенсильвани авенюд 7 дугаар сарын 4-ний өдөр АНУ-ын цэргийн хүч чадлыг харуулах зорилгоор цэргийн томоохон жагсаал зохион байгуулах санаа байгаагаа мэдэгдсэнийг ч сануулж байгаа. Үүнтэй зэрэгцэн "Вашингтон Пост" сонин Францынх шиг томоохон жагсаал зохион байгуулбал олон сая доллар шаардлагатайг ч тэмдэглэсэн байна.
Тиймээс ч Ардчилсан намынхан хий хоосон мөнгө үрж байхын оронд Сири дэх ажиллагааныхаа стратегийг боловсруулахад анхаарах хэрэгтэй хэмээн шүүмжилж байна. Зарим ахмад дайчид цэрэг армийнхныг сэргээх зөв санаачлага гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Умард Солонгосын удирдагчид шиг өөртөө үл итгэгчид л ийм сүрт жагсаал хийдэг гэдэг хэмээн мэдэгдэж байгаа аж.
| Вашингтонд цэргийн жагсаал хийхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.