АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ шатны хэлэлцээг даваа гарагт эхлүүлэхээр болсон талаар мэдэгдлээ.
Тэрбээр наймдугаар сарын 2-ны өдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ АНУ Ираны эсрэг шинэ цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг түр хойшлуулсан бөгөөд дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ хэлжээ. Түүний мэдээлснээр, хэлэлцээний гол сэдэв нь Ормузын хоолойн тээврийг хэвийн болгох болон Ираны цөмийн хөтөлбөр байх аж.
Дональд Трамп хэлэлцээ амжилтад хүрэх тодорхой хугацааны талаар тайлбар өгөөгүй ч "аль болох хурдан үр дүнд хүрэх шаардлагатай" хэмээн онцолсон байна. Мөн Ойрх Дорнодын хэд хэдэн улсын удирдагч дипломат шийдлийг үргэлжлүүлэхийг уриалсан нь цэргийн ажиллагааг түр азнахад нөлөөлсөн гэж мэдэгджээ.
Харин Ираны тал Ормузын хоолойн асуудлаарх Оманы зуучлалтай яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсон гэдгийг баталсан боловч энэ нь АНУ-ын мэдэгдсэн хэлэлцээтэй шууд холбоотой эсэхийг нотлоогүй байна. Түүнчлэн Трампын зарим мэдэгдлийг Ираны албаныхан няцааж, сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилготой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Сүүлийн саруудад АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж, Ормузын хоолой дахь нөхцөл байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлөөд байгаа юм. Шинэ шатны хэлэлцээ амжилттай болбол бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй дэлхийн эрчим хүчний зах зээлд ч эерэг нөлөө үзүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
| АНУ, Ираны шинэ шатны хэлэлцээ даваа гарагт эхэлнэ гэж Дональд Трамп мэдэгдэв | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.