Олон нийтийн сүлжээ Фэйсбүүкийг эрхлэгч компанийг тойрсон шуугиан газар аваад байна. АНУ-д тус компанийн эсрэг бүлэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бол Холбооны худалдааны асуудал эрхэлсэн хороо бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаа мэдэгдлээ. Түүнчлэн АНУ-ын Конгрессод Фэйсбүүкийг үндэслэгчийг сенатын сонсголд дуудах санал гарч байгаатай зэрэгцэн Евро-парламентаас ч олон сая хүний мэдээлэл алдагдсан гэх асуудлаар тайлбар хийхийг Марк Цукербэргээс шаарджээ.
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн өөр нэг сүлжээ болох Твиттерийн хэрэглэгчид "#DeleteFacebook" буюу "Фэйсбүүкээ устгацгаа" хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Фэйсбүүк компанийн хувьцааны ханш өнгөрсөн даваа гаригаас эхлэн хөрөнгийн биржүүд дээр унаж байна. Даваа гарагт 4-хөн цагийн дотор тус компанийн хувьцааны уналт 6,8 хувьтай байсан хүрч амсахад хүрсэн. Өчигдрийн уналт 5,8 хувьд хүрсэн байна. АНУ-ын Холбооны худалдааны асуудал эрхэлсэн хороо Фэйсбүүк компани хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх үйл явцыг зохицуулдаг дүрэм журмыг зөрчсөн эсэхийг тодруулахаар мөрдөн шалгахаа мэдэгдлээ.
Гол нь 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэмээн буруутгагдаж байгаа Их Британийн судалгааны "Cambridge Analytica" компанид мэдээллийн энэ санд нэвтрэх боломж олгосон эсэхийг нь тодруулах гэнэ. Мөн Фэйсбүүкийн хөрөнгө оруулагчид тус компанийн эсрэг хамтын нэхэмжлэл гаргаад байгаа юм байна. Тэд Калифорни мужийн хойд тойргийн Холбооны шүүхэд хандаад байна. Нэхэмжлэлд, "Хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан шуугиантай холбоотойгоор Фэйсбүүкийн удирдлага хүмүүсийг төөрөгдөлд оруулахуйц хуурамч мэдэгдэл хийсэн. Хувийн мэдээллийг хамгаалах дүрмээ зөрчиж 3 дагч этгээдэд хэрэглэгчдийнхээ мэдээлэлд нэвтрэх боломж олгосон" хэмээн буруутгажээ.
Энэ шуугианаас үүдэлтэй хувьцааны үнийн уналтаас болж учирсан хохирлоо нөхөн төлөхийг шаардлаа. Евро-парламент мөн Фэйсбүүкийн тэргүүн Марк Цукербэргээс хэрэглэгчдийнх нь хувийн мэдээлэл алдагдсан гэх мэдээлэлтэй холбоотой тайлбар өгөхийг шаардсан байна. Евро-комиссын олон гишүүн ийм хэрэг явдал гарсанд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ. Хууль зүй, хэрэглэгчид, жендерийн тэгш эрхийн асуудал эрхэлсэн Еврокомиссар энэ асуудлыг ирэх 7 хоногт АНУ д айлчлах үеэрээ онцгойлон хөндөхөө илэрхийлсэн. Евро-парламентын тэргүүн Антонио Таяни мөн энэ асуудлыг мөрдөн шалгуулж, гэм буруутанд хариуцлага тооцохоо амласан байна. Их Британийн "Cambridge Analytica" компани улс орнуудын сонгуульд нөлөөлөхийн тулд Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар авч ашигласан гэх асуудлыг өнгөрсөн бямба гарагт хамгийн анх "Нью-Йорк Таймс"-ийнхан дэлгэсэн юм.
| “Фэйсбүүкээ устгацгаа” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ | ||
| Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.