Шууд Chart

Хүчтэй салхилсны улмаас байшингийн дээвэр, хашаа нурж, эрчим хүчний доголдол гарчээ

2018-03-27 12:24:20

Орхон аймагт 3-дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хүчтэй шуурсны улмаас 35 айлын хашаа, 3 айлын гэр нурж, 4 байшингийн дээвэр хийсч, 45 айлын орон сууцны дээвэр салхинд хууларч унажээ. Харин 4 цахилгаан дамжуулах агаарын  шугамын шон унаж, тодорхой хэмжээний хохирол учраад байна. Ингэснээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын сургууль цэцэрлэгийн эрчим хүч тасалдаж, ус түгээх цахилгаан худагнуудын усны нөөцөд хүндрэл үүссэн байна.

Тухайн эрчим хүчний гэмтэл гарсан хэсэгт эрчим хүчний тухай хууль, газрын тухай хууль зэргийг зөрчиж, 6000-ийн шугам бүхий газарт, гэр бүлийн хэрэгцээний газар олгосон байсан нь ийм эрсдэл үүссэн гэж үзэж байна. Тодруулбал 2 байшингийн дээвэр салхинд хийсч унахдаа цахилгаан дамжуулах агаарын шугамд тохогдож, бусад шугамыг унагаасан юм. Азаар хүний амь нас, галын эрсдэл гараагүй байна.

Яг одоогийн байдлаар ЭБЦТС ТӨХК-ийн ажлын хэсэг тухайн айлын хашаанд дахь агаарын шугамуудыг зөөж, аюулгүй байршилд, хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Нийт хохирлыг мөнгөн дүнгээр нэгтгээгүй ч, урьдчилсан байдлаар эрчим хүчний засвар техникийн ажилд 10 гаруй сая төгрөг шаардлагатайг ЭБЦТС ТӨХК-ийн санхүүгийн албаны дарга Д.МӨНХБАТ хэллээ.

Салхи, шуурганаас үүссэн хохирлын хэмжээ, айл өрхийн тоог гаргахаар ОБГ, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сумын баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүчтэй салхилсны улмаас байшингийн дээвэр, хашаа нурж, эрчим хүчний доголдол гарчээ  
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй