Японы ерөнхий сайд Абэ Шинзо тун удахгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон ын нар хооронд хийх уулзалтаар 1970-аад онд умардын тусгай албаныхны хулгайлсан Японы иргэдтэй холбоотой сэдвийг заавал хөндүүлэхийн төлөө бүхнийг хийнэ гэдгээ тангараглаж байна. “АНУ болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтаар энэ асуудлыг хөндүүлэхийн төлөө би чадах бүхнээ хийнэ гэдгээ тангараглая” гэсэн Абэгийн үгийг “Киодо” агентлаг иш татаж байна.
Ирэх 4-р сарын дундуур Японы засгийн газрын тэргүүн Трамптай яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд албан ёсны айлчлал хийнэ. Тэгээд ч японы тал тус улсын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалтын гадна үлдэж болзошгүй гэдэгт маш их сэтгэл түгшиж байна. 1970-аад онд БНАСАУ-ын тусгай алба Японы иргэдийг хулгайлсан гэх сэдэв албан ёсны дипломат харилцаагүй хоёр орон хоорондын харилцааны эмзэг асуудлыг нэг болж ирсэн.
2002 онд Пхеньян анх удаа Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ албан ёсоор хүлээж, эдгээрийн 5-д нь эх орондоо эргэн ирэхийг зөвшөөрсөн байдаг. Үлдсэн 8 хүнийг нас барсан гэдгээр зарлаж, төрөл төрөгсдөд нь цогцсыг нь шилжүүлэн өгсөн боловч эдгээр цогцос нь энэ 8 хүнийх мөн эсэхийг өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа. 2014 оны 5-р сард Япон болон БНАСАУ-ын засгийн газрууд хулгайлагдсан япон иргэдийн хэргийг дахин мөрдөн шалгахаар тохирч, тусгай комисс байгуулсан.
Гэвч Токио Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилттай холбогдуулан дангаар тогтоосон хориг арга хэмжээгээ чангатгахаар болсноос үүдэж БНАСАУ комиссыг татан буулгаж байгаагаа зарлаж, шалгалтын ажлыг зогсоосон. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний аюулгүй байдлын газрын дарга энэ сарын 8-ны өдөр Вашингтонд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ: “Трамп ерөнхийлөгч ирэх 5-р сараас өмнө Ким Жон Ын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийллээ” гэсэн. Гэхдээ энэ уулзалт хэзээ, хаана болохыг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
| Хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хөндөхийн төлөө бүхнийг хийнэ хэмээн Абэ Шинзо тангараглав | ||
| Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.