Вашингтон болон Бээжин хооронд бий болсон худалдаа, эдийн засгийн маргаан Хятад улс АНУ-д шударга хандах болсноор дуусна гэж ерөнхийлөгч Трамп үзэж байна. Тэрбээр Цагаан ордонд АНУ-ын санхүүгийн 2018 оны холбооны төсвийг баталж гарын үсэг зурах ёслолын дараа хэлсэн үгэндээ: “энэ маргаан Хятад бидэнд шударга хандах болсноор эцэслэнэ, олон жилийн туршид Хятад улс бидэнтэй хийсэн худалдаанд маш чөлөөтэй, өөрөөр хэлбэл эрх дураараа байсан гээд хэлж болно, цаашид ингэхгүй, одоо Хятад улсад чөлөөтэй хөдлөх боломж байхгүй болно” гэсэн.
Тэгвэл Хятад улс ч гэсэн АНУ-ын үйлдлийн хариуд арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Хятад улс АНУ-аас оруулж ирж байгаа 3 тэрбум долларын үнэ бүхий барааны гаалийн татварыг нэмж байгаагаа мэдэгдлээ. Хятад улс энэ шийдвэрээ АНУ Хятадаас импортолж байгаа ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүний татварыг нэмснээс үүсэх алдагдлыг тэнцвэржүүлэх гэдгээр тайлбарлаж байна. АНУ олон орны эсэргүүцлийг үл тоомсорлон гангийн бүтээгдэхүүний албан татварыг 25 хувь, хөнгөн цагаан бүтээгдэхүүний татварыг 10 хувиар нэмсэнтэй холбогдуулан ийм алхам хийлээ гэдгийг Хятад улс онцолж байна. Мөн үндэсний аюулгүй байдал гэдгээр халхавчилсан АНУ-ын энэ алхам Дэлхийн худалдааны байгууллагын удирдлага доорх олон талт худалдааны системийг таслаад зогсохгүй, олон улсын худалдааны журмыг ноцтойгоор зөрчиж, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн олон орны эсэргүүцэлтэй тулгарч байна гэж Хятадын арилжааны яамны төлөөлөгч мэдэгдлээ.
Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хууль ёсны арга хэмжээ авч, тус байгууллагын бусад гишүүн орнуудтай олон талт худалдааны дүрмийн нэр хүнд, тогтвортой байдлыг хамгаалах тал дээр ажиллах юм байна. Хятадын талын “үнэ тарифт буулт хийхийг түр зогсоох” гэж нэрлээд байгаа энэ хариу арга хэмжээ Америкийн 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг, үүний дотор гахайн мах, дарс, залгаасгүй ган хоолой гэсэн бараа орж байна. Мөн АНУ-аас оруулж ирдэг самар, дарс, ган хоолойд 15 хувийн татвар ногдуулаад зогсохгүй гахайн мах болон залгаасгүй ган хоолойд 25 хувийн нэмэлт татвар ногдуулахаар болжээ.
Дээрх арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ: эхний шатанд Хятад, АНУ хоёр худалдааны асуудалд тохиролцоонд хүрч чадахгүй бол 15 хувийн татвар ногдуулна, дараагийн шатанд АНУ-ын алхам ямар нөлөө үзүүлж байгааг дүгнэсний дараа 25 хувийн татвар ногдуулахаар болж байна. Энэ бүгдээс үүдээд Хятад улс АНУ-д хандаж: орон хооронд бий болсон маргааныг харилцан ярилцах замаар, хэн хэндээ хор уршиггүйгээр зохицуулахыг уриалахын зэрэгцээ Хятад-Америкийн харилцаанд сэв суулгахаас аль болох зайлсхийхийг анхааруулж байна.
| Трамп: Вашингтон, Бээжингийн маргаан БНХАУ АНУ-д шударга хандах болсноор эцэслэнэ | ||
| Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.