Шууд Chart

Ким Жон Ун Бээжинд айлчилж Ши Зиньпинтэй яриа хэлэлцээ хийлээ

2018-03-29 14:43:35

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын Бээжинд БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй уулзаж, яриа хэлэлцээ хийсэн тухай хятадын төв телевиз мэдээлж байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, БНАСАУ-ын удирдагч энэ сарын 25-наас 28-нд Бээжинд айлчилжээ. Хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр БНХАУ-ын дарга, Бээжин Пхеньянтай харилцаа, хамтын ажиллагааг салшгүй үргэлжлүүлэх үйл хэрэгт тус нэмэр болоод зогсохгүй хоёр орны ард иргэдийн сайн сайхан амьдрал, бүс нутгийн амгалан тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийхээ мэдэгдлээ.

“Юуны өмнө бид Хятад болон БНАСАУ-ын залуу үеийнхэн хооронд харилцаа холбоог бэхжүүлэх үйл хэрэгт анхаарал хандуулах ёстойгоос гадна хоёр орон хооронд тогтсон найрсаг, уламжлалт харилцааг хадгалан үлдээх тал дээр ажиллах ёстой” гэдгийг ноён Ши Зиньпин онцоллоо. Түүний хэлснээр: Ким Жон Ын-ы энэ айлчлал БНАСАУ-ын удирдагч Хятадтай тогтоох харилцаанд ямар их ач холбогдол өгч байгаагийн илрэл юм байна. “Хятад болон БНАСАУ хоорондын найрсаг харилцааны үндэс суурь эртнээс тавигдаж, хөгжиж ирсэн нь манай хоёр орны ахмад үеийн дээд түвшний удирдагчдын тавьсан хүч чармайлттай шууд холбоотой, энэ бол бидний үнэлж баршгүй хүртээмж юм” гэж Ши Зиньпин мэдэгдлээ.

БНХАУ-ын дарга, “Хятадын коммунист нам болон Солонгосын Хөдөлмөрийн нам социализмыг хөгжүүлэх үйл хэрэгт маш их хувь нэмэр оруулсан” гэдгийг онцолж, “Манай хоёр орны хамтарсан харилцаа илүү их амжилттай хөгжилд хүргэхийн төлөө” тэмцэх шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын үүний хариуд, БНАСАУ-ын эрх баригчид Хятадтай тогтоосон харилцаанд онцгой анхаарал хандуулдгийг мэдэгдэж, “Хятадтай найрамдалт харилцаа тогтоох нь бидний сонголт, энэ сонголтыг юу ч өөрчилж чадахгүй” гэлээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлж байгаагаар, БНХАУ-ын дарга Ши Зиньпин Ким Жон Ын-ы Бээжинд хийсэн айлчлалыг өндөр үнэлж байна. Хоёр удирдагч уулзалтынхаа явцад дэлхий дахины нөхцөл байдал, тэр тодор Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулж, бий болсон хурцадмал байдлыг намжаах тал дээр хэрхэн яаж ажиллах, ямар алхам хийх асуудлыг нэлээд нухацтай хөндөж, санал солилцлоо. Ким Жон Ын Бээжинд хэлсэн үгэндээ: БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох үйл явцыг аажим аажмаар хийхийн төлөө гэдгээ илэрхийллээ. БНАСАУ байдлыг намжаахад чиглэсэн санаачлага тавьж байгаатай холбогдуулан Солонгосын хойгийн байдал сайжирч байгааг Ким Жон Ын онцолсон байна. Мөн тэрбээр энэ айлчлалынхаа үеэр АНУ-тай харилцан ярилцаж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай дээд түвшний уулзалт хийхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлжээ.

“Хэрвээ Өмнөд Солонгос, АНУ хоёр бидний хүч чармайлтыг ойлгож, хариу үйлдэл хийж, энх тайван, тогтвортой байдал тогтоох уур амьсгалыг бий болгох тохиолдолд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудлыг дор нь шийдэж болно” гэж Ким Жон Ын хэлжээ. Ким Жон Ын Бээжинд эхнэр Ли Соль Чу-гийн хамт ирсэн, Ким Жон Ын Ши Зиньпинд БНХАУ-ын даргад улиран сонгогдсонд нь биечлэн баяр хүргэсэн. “Би танд ийнхүү баяр хүргэж байгаагаа миний үүрэг гэж үзсэн, тэгээд ч та Хятадын коммунист намын, хятадын ард түмний дэмжлэгийг авч, дээд удирдлагын цөм нь болсон тул ийнхүү БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн даргад улиран сонгогдсон, тэгээд ч миний танд биечлэн баяр хүргэж байгаа нь БНАСАУ, БНХАУ хоорондын найрсаг, уламжлалт харилцааг илтгэн харуулж байгаа юм” гэж Ким Жон Ын мэдэгдлээ. Ким Жон Ын-ы Бээжинд хийсэн энэ айлчлал бол түүний 2011 онд эцэг Ким Чен Ир насан өөд болсны дараа улс орныг тэргүүлэх болсон тэр цагаас хойш хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал нь юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун Бээжинд айлчилж Ши Зиньпинтэй яриа хэлэлцээ хийлээ  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй