Шууд Chart

Хоёр Солонгос ирэх сарын 27-нд дээд хэмжээний уулзалт хийхээр товлолоо

2018-03-29 19:00:29

Өмнөд болон Хойд Солонгос хоёр талын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар өнөөдөр дээд түвшний уулзалт хийлээ. Хоёр Солонгосыг заагладаг хилийг цэрэггүй бүс Панмунжомд болсон сайдын түвшний уулзалтаар талууд хоёр удирдагчийн дээд уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 27-нд хийхээр товлолоо. Дээд хэмжээний уулзалт хилийн цэрэггүй бүсэд Өмнөд Солонгосын талд байдаг Энх тайвны ордонд болох юм.  Энэ бол Хоёр Солонгосын хооронд 2000, 2007 онуудад болж байснаас хойших төрийн тэргүүн гурав дахь дээд уулзалт болж байна.

Хоёр тал дээд уулзалтын протокол, аюулгүй байдлын асуудлыг ирэх 7 хоногийн лхагва гарагт ажил хэргийн түвшинд хэлэлцэхээр өнөөдөр бэлтгэл уулзалтын хүрээнд тохирлоо. Өнөөдрийн энэ уулзалтаар дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлыг ярилцсан эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдрийн уулзалтад Өмнөд Солонгосын талаас Нэгдлийн яамны сайд Чо Мён Гюн-аар, Умард Солонгосын талаас Солонгосын энх тайван нэгдлийн хорооны дарга Ри Сон Гвон-оор удирдуулсан төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын дараа Өмнөд Солонгосын тал "Хоёр Солонгос гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийх өдрөө товлочихлоо, одоо уулзалтын бэлтгэл ажлыг хамгийн өндөр түвшинд хангах ёстой. Дээд уулзалт Солонгосын хойгт энх тайван тогтоохоор үр дүнд хүрнэ гэдэгт бид бүгд итгэлтэй байна" гэдгээ мэдэгджээ.

Сөүл, Пхеньян хоёр хилийн цэрэггүй бүс Панмунжомд хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг хийхээр энэ сарын эхээр тохиролцоонд хүрсэн. Энэ бол хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын хооронд болох гурав дахь удаагийн уулзалт бөгөөд сүүлийн 10 гаруй жилд анх удаа болох түүхэн үйл явдалд тооцогдож байгаа юм. Өнөөдрийн энэ сайдын түвшний уулзалт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, Си Зиньпинтэй хэлэлцээ хийсний дараа болсон. Хятадын дарга Си Зиньпинтэй уулзахдаа Ким Жон Ун,  "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад болохгүй гэх газаргүй" гэж хэлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. Түүнчлэн Ким Жон Ун зарим нэг нөхцлийг тавих шиг  болсон.

Тэрээр хэрвээ Өмнөд Солонгос, АНУ хоёр Умардын хүчин чармайлтад сайнаар хандаж, энх тайвны төлөө гэдгээ харуулах юм бол Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэх боломжтой гэдгийг онцолсныг шинжээчид иш татаж байна. Шинжээчдийн хувьд Умард Солонгосын сүүлийн үед явуулж байгаа дипломат ажиллагаа олон улсын хориг арга хэмжээг сулруулахад чиглэж байж болох юм.

Эдийн засгийн гол түнш Хятадад хийсэн Ким Жон Уны айлчлал Трамптай уулзахынхаа өмнө илүү яриа хэлэлцээний бэлтгэлээ хангах зорилготой боллоо. Хятадын хувьд Си Зиньпин Ким Жон Уны дээд уулзалтаар Умардын цөмийн хямралыг шийдвэрлэхэд Бээжингийн Умардад баримтлах хөшүүргийг илүү дөвийлгөж харуулахад түлхэц өглөө гэж ажиглагчид таамаг дэвшүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгос ирэх сарын 27-нд дээд хэмжээний уулзалт хийхээр товлолоо   
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй