АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн гэнэтийн айлчлал болон, түүний Хятадын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалт хэлэлцээг бодитоор хүлээж авч байна. Цагаан ордны мэдэгдэлд Солонгосын хойгийн нөхцөл байдал зөв чиглэл рүү орж байна гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгааг онцолжээ.
Умардын удирдагч Ким Жон Ун төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа гадны улсад айлчиллаа. Үүнийг АНУ Умардад чиглэсэн шахалт үр дүнгээ өгч байгаагийн илрэл гэж хүлээж байгаа юм гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ирэх 5 дугаар сарын сүүлээр Америк Умард Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байгаа учраас Пхеньян цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоох амлалтаа бодитоор харуулах хэрэгтэй гэдгийг ч Цагаан ордон онцолж байна. АНУ болон түүний холбоотон орнууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд Пхеньянд шахалт үзүүлэх хүчин чармайлтаа сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдүүлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умардын удирдагч Ким Жон Ун нар Пхеньян, Вашингтоны хооронд дээд хэмжээний уулзалт хийх бодолтой байна гэсэн илгээлтийг Хятадын дарга Си Зиньпинээс хүлээж авснаа өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн нь АНУ, Умард Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт төлөвлөгөөний дагуу болох нь гэдэг дохиог өгсөн алхам гэж хэвлэлүүд мэдээлж байна.
| АНУ: Солонгосын хойгийн хямрал зөв чиглэлд орлоо | ||
| Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.