БНСУ Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн анхны гадаад айлчлалыг таатайгаар хүлээн авч байгаагаа мэдэгдлээ. Умард Солонгос БНСУ болон АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийхийн өмнө Пхеньян-Бээжингийн харилцаа сайжрах нь Умардын цөмийн хямралыг шийдвэрлэх, Солонгосын хойгт энх тайван тогтооход түлхэц болно гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яам мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр, БНХАУ-ын Засгийн газар Ким Жон Уны Бээжинд хийсэн айлчлалыг Сөүлд урьдчилж мэдэгдсэн байна. Энэ өдрүүдэд Сөүлд ажиллахаар очоод байгаа Хятадын төрийн зөвлөх Ян Жейчи Си Зиньпин, Ким Жон Ун нар юу хэлэлцсэн талаар товч мэдээллийг Өмнөд Солонгост өгөх аж. Ким, Си Зиньпин нарын уулзалт олон улсын харилцаанд чухам юуг илэрхийлэв гэдэг дээр шинжээчид өөрсдийн дүгнэлт, таамгаа гаргаж байна.
Юун түрүүнд, Ким Жон Ун 2011 онд эцгийгээ таалал төгссөний дараа Умардын төрийн эрхийг хүлээж авснаас хойших анхны гадаад айлчлалаа Хятадад хийлээ. Өөрийнх нь эсрэг олон улсын хоригийг Бээжин хэрэгжүүлж байгаа ийм цагт Ким Жон Ун Бээжинд айлчилсан нь аль аль талдаа чухал ач холбогдолтой байлаа.
Тодруулбал, БНХАУ-ын дарга Умард Солонгосын пуужингийн туршилтуудыг өөрийн улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэх агуулгаар худалдаа эдийн засгийн хоригийг хэрэгжүүлэх болсноор уламжлалт харилцаатай Бээжин, Пхеньяны хооронд үл ойлголцол бий болоод байсан юм. Гэхдээ Бээжин Солонгосын хойгт тогтворгүй байдал бий болгохгүйн тулд Пхеньяны эсрэг хориг тавих шийдвэрт цааргалж ирсэн.
Нөгөө талаар, Умардын удирдагчийн Бээжинд хийсэн айлчлал БНХАУ-ыг олон улсын харилцаанд гол тоглогч гэдгийг баталж өгсөн эхрэг юм. Мөн Солонгосын хойгийн хямралтай холбоотой геополитикийн ашиг сонирхол хааш чиглэж байгааг илэрхийлсэн алхам болж байна. Солонгосын хойгт Хятадын ашиг сонирхол зөрчилдөх шалтгаанууд бий. Тухайлбал, Умард Солонгосын коммунист дэглэм нурахад хүрвэл Хятадын коммунист намд таагүй үр дагавар авч ирж болзошгүй, бас Хятадын Коммунист хөрш үгүй болох нь БНХАУ-ын умардын хилийн бүс нутагт тогтворгүй байдал бий болж, Умардаас дүрвэгсдийн их урсгал Хятадыг чиглэх, Америкийн цэрэг хилд нь тулж ирэх эрсдэл бий гэж шинжээчид үзэж байна.
Эдгээр шалтгааны улмаас БНХАУ-ын дарга Си Зиньпин Умардын удирдагчийн Сөүл, Вашингтонтой хийх дээд хэмжээний уулзалтыг үр дагаврыг сонирхох нь аргагүй юм. Мөн Умардын худалдаа эдийн засгийн уламжлалт гол түнш Хятадтай байр сууриа нэгтгэх нь Пхеняьны хувьд маш чухал. Ер нь Ким Жон Уны Бээжинд хийсэн гэнэтийн айлчлал Бээжин Пхеньян хоёрын харилцаанд таагүй уур амьсгал орсон ч гэлээ бид бол холбоотнууд хэвээрээ шүү гэдэг дохиог олон улсад өгч чадлаа гэдгийг шинжээчид онцолж байна.
| БНСУ Умардын удирдагчийн БНХАУ-д хийсэн айлчлалыг таатайгаар хүлээн авав | ||
| Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.