Шууд Chart

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

2018-04-01 13:10:12

Пёнчаны  олимптой  холбоотойгоор нэг  сарын хугацаагаар  хойшлуулаад байсан АНУ,  Өмнөд  Солонгосын  цэргийн хамтарсан сургуулилт өнөөдрөөс эхэллээ. Энэ удаагийн  сургуулилтад Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний бүх анги  нэгтгэлийн  төлөөлөл болсон  300  мянган  цэргийн албан хаагч,  Америкийн  11500 цэргийн  албан  хаагч  оролцох  тухай өмнө  нь мэдээлж  байсан.

Хоёр улсын  хамтарсан  цэргийн   сургуулилт   өмнө  нь  3 дугаар  сард  эхэлж, 2 сарын туршид  үргэлжилдэг байсан ч энэ жил Пёнчаны олимпийн наадамтай давхацсан  учир хойшлуулсан  төдийгүй  хугацааг нь  сар  болгон  багасгаад  байна. Мөн  өмнөх  сургуулилтуудад  Америкийн стратегийн зэвсгүүдийг  ашиглаж байсан бол энэ удаад  зөвхөн  батлан  хамгаалах зориулалттай зэвсгүүдийг ашиглах  юм.

Энэ хүрээнд өнөөдрөөс энэ сарын 8-ныг дуустал  "Хос луу" нууц нэртэй десантын  сургуулилт хийх аж. Тус  сургуулилтад Америкийн десантын хөлөг "Wasp",  "F-35B"  сөнөөгч  онгоцуудыг оролцуулахаар төлөвлөжээ.  Мөн энэ сарын 23-наас "Key Resolve"  команд  штабын  сургуулилтыг 2 долоо хоногийн хугацаатайгаар  хийхээр  төлөвлөж  байна.  Энэ  сарын  27-нд  Өмнөд болон Умард  Солонгосын удирдагчдын дээд уулзалт болох  учир  цэргийн  сургуулилтын  хуваарьт зарим нэг  өөрчлөлт орж  магадгүй  байна. 

АНУ Өмнөд  Солонгосын  хамтарсан энэ  сургуулилт 2 орны 1953 оны 10 дугаар сарын 1-ний  өдөр гарын үсэг  зурсан  хамтын  батлан хамгаалах гэрээний  үндсэн  дээр  жил  бүр болдог  юм.  Умард  Солонгосын  тал энэ  сургуулилтыг нь   Солонгосын  хойг  дайн  хийх бэлтгэлээ хангаж  байна гэж  үзэн  байнга эсэргүүцлээ  илэрхийлж ирсэн.  Гэхдээ Умард  Солонгосын удирдагч Өмнөд Солонгосын дээгүүр албаны  төлөөлөгчдийг Пхеньянд хүлээн авч уулзахдаа хоёр улс  төлөвлөгөөт  сургуулилт хийж  байгааг ойлгон хүлээн авч  байгаагаа илэрхийлж байсан  билээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ  
Үзсэн: 1467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй