АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Америкийн виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг судлахаар төлөвлөж байгаа юм байна. Төрийн департаментаас ийм санаачлага гаргасан бөгөөд Америкийн виз хүсч байгаа иргэд олон нийтийн сүлжээн дэх мэдээллээ өгөх үүрэг хүлээх аж.
Тодорхой хэлбэл сүүлийн 5 жилд олон нийтийн сүлжээнд ямар аккаунттай байснаа мэдүүлэх юм. Ингэснээр жилд 14,7 сая хүний олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг судалж нягтална гэсэн үг болохыг BBC онцолсон байна. Түүнчлэн Америкийн виз авахаар хүсэлт гаргаж байгаа иргэд сүүлийн 5 жилд ямар улсуудад зорчсон, утасны ямар дугаар ашиглаж байсан, цахим шуудангийн ямар хаягтай байсан зэргээ тодорхой бичих ёстой хэмээн үзэж байгаа аж. Мөн Америкийн виз хүсэгч нь ямар нэг улс орноос албадлагаар гарч байсан эсэх, өөрөө болон хамаатан садан дунд нь террорист ажиллагаатай холбоотой хүмүүс байсан эсэхэд тодорхой хариулт өгөхийг шаардахаар төлөвлөж байгаа гэнэ.
Гэхдээ Төрийн департаментын энэ санаачлага харилцан визгүй зорчих гэрээг АНУ-тай байгуулсан улс орнуудад түүний дотор Их Британи, Канад, Франц, Герман улсуудад хамаарахгүй аж. Ийм шинэ өөрчлөлтүүд нь террористуудыг илрүүлэхэд тус болно гэж АНУ-ын холбогдох албаныхан үзэж байгаа юм. АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотод өнгөрсөн 2015 онд 14 хүний аминд хүрсэн халдлага гарсан. Тухайн үед эрх баригчи энэ хэргийг үйлдсэн этгээдүүд хоорондоо харилцаж байсан мэссэнжэрт нэвтрэх боломжгүй байсан тул хэт даврах үзэлтэйг нь урьдчилан мэдэж чадаагүй хэмээн үзэж олон нийтийн сүлжээнд илүү их анхаарлаа хандуулах болсон билээ.
Харин өнгөрсөн оны 5 дугаар сараас Америкийн эрх баригчид сэжиг бүхий хүмүүсийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг шалгах боломжийг эрх баригчдад олгосон журам хүчин төгөлдөр болсон. Гэвч хүний эрхийг хамгаалагчид энэ журмыг төдийгүй Төрийн департаментын шинэ санаачлагыг ч хувь хүний болон үг хэлэх эрхэнд халдсан арга хэмжээ болж байна хэмээн шүүмжилж байна.
| Виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг судлахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.