Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчид одоогоор 2200 гаруй толгой мал төллүүлээд байна

2018-04-02 10:27:47

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчид өнгөрсөн гуравдугаар сарын 20-оос төл малаа хүлээн авч эхэллээ.

Энэ жилийн мал тооллогоор 32 мянга гаруй хээлтэгч мал тоологдсоноос одоогоор 2200 гаруй толгой мал төллөөд байна.  Төл бойжилт 100 хувьтай байгаа ажээ.

Ерөө суманд өвөлжилт харьцангуй сайн байсан болохоор мал жилбэтэй төллөж гарсан төл эсэн мэнд бойжиж байна. Гэхдээ хаврын улирал, тэр тусмаа мал төллөх үе бол малчдын тэсвэр,  тэвчээрийг шалгадаг хатуу цаг болохоор малчид нялх төлөө торниулахын тулд шөнөдөө сэр­гэг, өдөр­төө соргог байхгүй бол болохгүй. Учир нь төл осгох, бэлчээрт хаягдах аюул­­тай хэмээв.

Ерөө сумынхан малын үүлдэр угсааг сайжруулах нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх талд нэлээн ажил хийж байгаа юм. Тус суманд энэ жилийн мал тооллогоос харахад ноосны чиглэлийн буюу нарийн ноост Ерөө үүлдрийн  3000 гаруй, мах ноосны чиглэлийн суффолк үүлдрийн 200 гаруй, махны чиглэлийн баяд омгийн  3000 гаруй, казакын керей омгийн 1000 шахуу хонийг тус бүр цэврээр нь өсгөн үржүүлж байна. Малыг хавар хэт эрт төлүүлэх нь төл байжилтод муу нөлөөтэй байдаг бол хэт оройтуулах нь төл мал хэнздэх эрсдэлтэй байдаг учраас хээлтүүлгийг тохируулаж явуулах нь  зөв юм хэмээн малчид ярьцгааж байна. Энэ ч үүднээс Ерөө үүлдрийн хонины төллөлт өчигдөрөөс эхлээд байна.

Төл малаа бүрэн авч бойжуулахад малчдын мал маллах арга ажиллагаа, өвөлжилтийн болон төл хүлээн авах бэлтгэлээс шууд шалтгаалдаг гэдгийг малчид онцолж байв.

Тус сумын хэмжээнд 63 мянга гаруй мал хаваржиж байна.

Сумын сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлтээс авч үзэхэд 2018 оны хавар нийт хээлтэгч малаас 25 мянга орчим толгой төл хүлээн авах урьдчилсан төлөв гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчид одоогоор 2200 гаруй толгой мал төллүүлээд байна  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй