ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Турк дэх 2 өдрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Энэ айлчлалын хүрээнд Оросын төрийн тэргүүн Анкара хотноо Турк, Ираны ерөнхийлөгчидтэй уулзалт хэлэлцээ хийж, харилцаа хамтын ажиллагаанаас гадна Сирийн нөхцөл байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэх юм.
Энэ нь В.В.Путины ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос нь хойших хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал юм. Айлчлалын эхний өдөр Орос-Туркийн харилцаа хамтын ажиллагааны сэдэвт гол анхаарлаа хандуулах юм. Хоёр орны төрийн тэргүүний даргалах дээд түвшинд хамтран ажиллах зөвлөлийн 7 дахь удаагийн уулзалт болох юм. Мөн Туркийн Аккую атомын цахилгааны станцын барилгын ажил эхэлж байгааг тохиолдуулсан видео бага хуралд оролцоно. Орос-Туркийн яриа дээд хэмжээний уулзалтаар Сирийн хямралыг зохицуулах, цэрэг техникийн хамтын ажиллагаа, худалдааны саад тотгорыг арилгах асуудлыг онцлон хөндөх юм байна. Харин холбоо харилцаа, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгмийн бодлогын салбарт хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурна.
Түүнчлэн спортын салбарт хамтрах тунхаг, шууд хөрөнгө оруулалтын Оросын сангийн шугамаар 2 ч гэрээ хэлэлцээрийг байгуулах аж. Харин маргааш Орос, Турк, Ираны төрийн тэргүүнүүдийн Сирийн асуудлаарх дээд уулзалт болох юм. Москва-Анкарагийн хамтын ажиллагааны гол чиглэлийн нэг нь цэрэг техникийн салбар дахь хамтын ажиллагаа. Гол нь Оросын зенит пуужингийн С 400 системийг Туркийн талд нийлүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Эхний системүүдийг 2020 оноос нийлүүлэх гэрээнд 2 тал гарын үсэг зурсан байгаа ч Туркийн талаар хугацааг нь наашлуулах саналтай байгаа юм.
Турк улс нийт 2,5 тэрбум ам.долларын өртөгтэй "С-400"-гийн 4 дивизоныг худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Дараагийн нэг гол асуудал нь 2 талын худалдааны саад тотгоруудыг арилгахтай холбоотой. Туркийн талаас улаан лоолийн экспортод тавьсан хязгаарыг цуцлуулах хүсэлтэй байгаа. Ингэж чадвал Туркийн экспортын хэмжээ 1,6 дахин өсч, 1 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа юм.
Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 40,5 хувиар өсч 22,1 тэрбум ам.долларт хүрээд байна. 2016 онд энэ тоо 15,8 тэрбум байсан юм. Мөн хоёр улсын хувьд эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгч байгаа. Турк, Оросын байгалийн хийн худалдан авалтаараа дэлхийд 2-т бичигддэг. 2017 онд "Газпром экспорт" Анкарад жилийн өмнөхтэй харьцуулахад 17 хувиар их байгалийн хий нийлүүлсэн байдаг. Одоо Туркийн урсгал нэртэй хийн хоолойг барихад идэвхтэй хамтарч байгаа юм.
| ОХУ-ын Ерөнхийлөгчийн Турк улсад хийх айлчлал өнөөдөр эхэллээ | ||
| Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.