Шууд Chart

"Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт" энэ сарын 8-11-нд болно

2018-04-04 10:10:42

"Азийн Давос" гэгдэх болсон "Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт" энэ сарын 8-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын нээлтэд Хятадын удирдагч Си Зиньпин оролцож, үг хэлэх юм байна. Энэ тухай өчигдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн юм.

Хятадын удирдагч энд чухал мэдэгдлүүд хийхийн зэрэгцээ Боаод хүрэлцэн ирсэн улс орнуудын болон олон байгууллагуудын удирдагчидтай  уулзалт хэлэлцээ хийнэ гэж Ван И мэдэгдэв. Мөн Си Зиньпин Хятадын төрийн тэргүүний хувиар "Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт"-д гурав дахь удаагаа оролцож байгааг мэдээлсэн юм. Энэ жил "Дэлхий нийтийн их хөгжил цэцэглэлтийн төлөөх нээлттэй, инновацилаг Ази" уриатайгаар зохион байгуулагдах юм байна. 

Мөн чуулга уулзалтын үеэр Глобалчлал, Бүс ба зам, Нээлттэй Ази, Инноваци, шинэтгэлийн шинэ гараа гэсэн дөрвөн үндсэн сэдвийн дор нэгдсэн хэлэлцүүлгүүд болох юм  байна. Энэ тухай өмнө нь "Боаогийн  эдийн засгийн чуулга уулзалт"-ын зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга  Чжоу Вэньчжун  мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Хятадад шинэтгэл, нээлттэй байдлын бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 40 жилийн ой энэ жил тохиож  байгаа учир  энэ сэдвийг хөндсөн хоёр ч бага хурлыг чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулахаа мэдэгдэж байсан юм.

Одоогоор энэ жилийн чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын улс төр, бизнес, санхүүгийн төлөөлөгчид гээд нийт 2000 хүн оролцохоо мэдэгдээд буй юм байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Олон улсын валютын сангийн  гүйцэтгэх  захирал  Кристин Лагард  нар энэ удаагийн чуулга уулзалтад оролцохыг Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ. Мөн  Австрийн канцлер, Филиппиний Ерөнхийлөгч,  Монгол,  Финланд,  Пакистан,  Шинэ  Зеланд, Сингапурын Засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирж байгааг мэдээлсэн юм.

Азийн орнуудын хөгжлийн  чиг хандлагыг тодорхойлдог  энэхүү чуулга уулзалтыг 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн юм.  Азийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан уялдуулах, дэлхийн бусад бүс нутагтай яриа хэлэлцээ хийж, эдийн засгийн харилцаа холбоогоо  идэвхжүүлэх, эдийн засгийн төдийгүй нийгэм болон бусад асуудлаар албаныхан бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, эрдэмтдийн харилцан санал  солилцох,  хэлэлцэх  талбар бий  болгох нь энэхүү чуулга уулзалтын гол зорилго хэмээн тодорхойлсон байдаг юм. Чуулга уулзалтын хүрээнд   салбар хэлэлцүүлэг, дугуй  ширээний ярилцлагууд, бизнес  эрхлэгчдийн уулзалтуудыг зохион байгуулдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт" энэ сарын 8-11-нд болно   
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй