ОХУ-ын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Их Британийн нутаг дэвсгэрт Оросын тагнуулч асныг охиных нь хамтаар хордуулсан гэх хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небезня Их Британийн эрх баригчдад хандаж Сергей болон Юлия Скрипаль нарын амь насанд халдахыг завдсан хэмээн Оросыг буруутгаж, галаар наадах хэрэггүй хэмээн анхааруулсан байна.
Василий Небезня мөн Их Британи Москватай хамтран ажиллахаас татгалзсан, тус улсаас болж ОХУ барууны бусад орнуудын харилцаа муудсаныг тэмдэглэн хэлсний дээр Оросын шинжээчдийг мөрдөн шалгах ажиллагаандаа оролцуулаагүй, шинэ мэдээллээ хуваалцахаас татгалзсаныг буруушаасан юм. Гол нь хангалттай нотлох баримт байхгүй байхад ОХУ-ыг энэ хэрэгт буруутгасныг онцолжээ. Түүгээр ч зогсохгүй Оросын дипломатч Их Британийн худал түүх зохиосон, Солсберид химийн зэвсэг ашигласан гэж Оросыг буруутгаж байгаа нь жүжиг хэмээн хатуухан шүүмжилсэн байна.
Харин үүний хариуд, Их Британийн Нэгдсэн вант улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Карен Пирс, тус улсын шийдвэр нь олон улсын бүх хэм хэмжээнд таарсан гэдгийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Оросын талаас энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчдээ оролцуулах шаардлага тавьж байгаа нь "галдагч галын шалтгааныг мөрдөн шалгахад оролцоно" хэмээн шаардаж байгаатай агаар нэгэн болохыг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Юлия Скрипальтай уулзуулахгүй байгаа гэх шүүмжлэлтэй холбоотойгоор бүсгүйн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ийм боломж олгож болохгүй байгааг тайлбарласан байна.
Түүнчлэн Их Британийн дипломатч, Портон Дауны лабораторийнхон "Новичок" гэх сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг хорыг энэ халдлагад ашигласан, үүний ард Москва байгаа гэж үзэх олон шалтгаан Их Британид бий гэдгийг хэлсэн байна. Мөн АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Аюулгүйн зөвлөлийн энэ хуралдааныг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн ОХУ-ын оролдлого хэмээн нэрлэжээ. Энэ мэтчилэн ОХУ, ИХ Британи болон АНУ-ын дипломат төлөөлөгчид байр сууриа нэлээд ширүүхэн илэрхийлж, харилцан бие биенээ буруутгаснаар хуралдаан өндөрлөсөн байна.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар “Скрипаль”-ийн хэргийг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 2010 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.