Германы баруун хэсэгт орших Мюнстер хотод фургон машинаар хүмүүсийг дайрч, гурван хүн амь үрэгдсэн хэрэг гарлаа. Машины жолооч өөрийгөө бууджээ. 20-иод хүн шархдаж, 6 хүний биеийн байдал хүнд байна. Цагдаагийн газрын мэдээлснээр гэмт этгээд ганцаараа байсан бөгөөд энэ хэрэгт холбоотой байж болох сэжигтнүүдийг эрж хайхаа больсон гэнэ.

“Гэмт этгээд Мюнстер хотын төв тайлбай орчимд олон тооны кафе, ресторан байрладаг бүс рүү дайрсан” гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээллээ. Эндээс ирж байгаа мэдээгээр фургон машиныг Германы иргэн, 40-өөс дээш настай, сэтгэцийн өвчтэй хүн жолоодож явжээ.
Энэ хүн ямар нэг террорист бүлэгтэй огт холбоогүй болохыг тогтоосон байна. Германы “Цэ-Дэ-Эф” сувгийн мэдээлж байгаагаар энэ хүн саяхан амиа егүүтгэхээр завдсан байна.
Хэрэг болсон газар жуулчид төдийгүй орон нутгийн хүмүүсийн очих дуртай газрын нэг бөгөөд энд гудамжинд ширээгээ зассан олон тооны кафе, ресторанууд байдаг юм байна. Хэрэг явдлыг нүдээр үзэж харсан хүмүүсийн ярьж байгаагаар фургон машин гудамжинд тавьсан ширээний ард сууж байсан хүмүүсийг дайрчээ.

Цагдаа нар Мюнстер хотын төв хэсгийг бүсэлсэн бөгөөд мөрдлөгөд саад болохгүйн үүднээс оршин суугчдад хотын төв рүү очихгүй байхыг зөвлөж байна.
| Германд фургон машинаар хүмүүсийг дайрсан хэрэг гарлаа | ||
| Үзсэн: 1810 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.