Шууд Chart

БНХАУ, Япон, БНСУ ирэх сарын 9-нд Токио хотноо дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна

2018-04-08 14:00:26

Япон, БНХАУ, БНСУ ирэх сарын 9-ний өдөр Токио хотноо хийхээр төлөвлөсөн дээд хэмжээний уулзалтын нарийвчилсан зүйлийг ярьж тохирох эцсийн шатандаа ороод байна. “Эн-Эйч-Кэй” телевиз энэ тухай мэдээлж байна.

Уулзалт болохтой холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян анх удаа Японд албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр дээд хэмжээний уулзалтад оролцохоос гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй хоёр талт яриа хэлэлцээ хийнэ.

Дорнод Хятадын тэнгис орчимд далай тэнгист, агаарын орон зайд ямар нэг мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх механизмыг эцэслэн хэлэлцэх явдал Ли Көцяны Шинзо Абэ-тэй хийх яриа хэлэлцээний гол сэдэв байх аж. Дорнод Хятадын тэнгист Япон, БНХАУ-ын хооронд японоор "Сэнкаку", хятадаар "Дяо-юй-дао" нэртэй арлын төлөөх газар нутгийн маргаан бий. Энэ арал орчимд байгалийн хийн асар их нөөц илэрсэн бөгөөд хоёр орны эдийн засгийн бүсийн хил үүгээр дайрч өнгөрдөг.

Үүнээс гадна Ли Көцян Японы бизнесийн холбоо “Кэйданрэн”-ий зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, Хятадын Засгийн газрын “Бүс ба зам” санаачилгын талаар ярих юм байна. Бас нэг онцлох зүйл гэвэл, түүнийг Японы эзэн хаан Акихито хүлээн авч магадгүй байна.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин-ы хувьд түүний Токиод хийх айлчлал албан бус айлчлал байна. Энэ нь Япон улс 1910-1945 онд Солонгосын хойгийг булаан эзлэж байхаас үүдэлтэй зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлаар сүүлийн үед хоёр орны харилцаа муудсантай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна. Хамгийн сүүлд дээрх гурван орны удирдагчдын төлөөлөл 2015 оны 11 дүгээр сард Сөүл хотноо уулзаж байсан.

Энэ яриа хэлэлцээнд БНХАУ-ыг төрийн зөвлөлийн ерөнхий сайд төлөөлөн оролцдог.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, Япон, БНСУ ирэх сарын 9-нд Токио хотноо дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна  
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй