Шууд Chart

Ши Жиньпин Хятад улсын нээлттэй байх бодлогыг өргөтгөх шинэ арга хэмжээг зарлана

2018-04-10 11:10:00

Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтын гол хэсэг өнөөдөр Хайнан аралд эхэлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин арга хэмжээг нээж үг хэлнэ. Тэрбээр улс орноо гадаад ертөнцөд нээлттэй байлгах бодлогыг өргөтгөх шинэ арга хэмжээг зарласнаар энэ нь Хятад улс эдийн засгийн даяарчлалд бүх талын дэмжлэг үзүүлэхийн нотолгоо болох юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Ази тив дэлхийн цэцэглэн хөгжилтийн төлөө” гэсэн уриан дор явагдаж байна.

Ши Жиньпин дарга Хятад улс нээлттэй байх, шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх явцдаа ямар их амжилтад хүрсэн талаар, энэ бодлогыг хэрэгжүүлэх явцад ямар их туршлага хуримтлуулсан талаар, бодлогын ач холбогдлын талаар, Хятад улс энэ бодлогыг цаашид хэрхэн өргөтгөх талаар ярина. Энэ жил Хятадын нээлттэй байх бодлогын 40 жилийн ой тохиож байна. Тиймээс Ши Жиньпин Боаогийн форумыг нээж үг хэлэхдээ Хятад улс бодлогын хүрээнд чөлөөт худалдааны хэд хэдэн бүс байгуулах эрмэлзэлтэй байгааг зарлах гэж байна.

Эдгээр бүс нь үйл ажиллагааны үндсэн зарчим, дүрэм журмыг боловсруулахдаа илүү их чөлөөтэй байж, зах зээлд нэвтрэх үүднээс илүү их нээлттэй байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээр бүс нь бараа бүтээгдэхүүн, хүний нөөц, санхүүгийн чөлөөт урсгалыг хангахын тулд олон улсын норс стандартад бүрэн нийцэж, бүсийн үйл ажиллагааг шинэ дүрэмд зохицуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ бүгдээс үзэхэд, Боаогийн чуулга уулзалт Ши Жиньпиний хувьд Хятад улс дэлхийн эдийн засгийг даяарчлах үйл явцыг дэмжинэ гэдгийг дахин илэрхийлэх тавцан болох нь. Дэлхий дахинд даяарчлалын эсрэг үзэл бодол өсөн нэмэгдэж байгаа энэ үед Хятад улс дэлхийн илүү шударга дэг журмын төлөө гэдгээ нотлон харуулах нэг боломж нь Боаогийн чуулга уулзалт гэдгийг шинжээчид бас хэлж байна.

Энэ удаагийн Боаогийн чуулга уулзалтад 2000 гаруй улс төрч, бизнесмен, академчид, эдгээрийн дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард, Австрийн канцлер, Филиппиний ерөнхийлөгч, Монгол, Финланд, Пакистан, Шинэ Зеланд, Сингапурын Ерөнхий сайд нар оролцож байна.

Боаогийн Азийн эдийн засгийн чуулган 2001 оноос хойш Хятадын Хайнан аралд зохион байгуулагдаж байна. “Азийн Давос” гэж нэрлэдэг энэ чуулганы гол зорилт Азийн орнууд хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн бусад орнуудтай эдийн засгийн харилцаа холбоог идэвхжүүлэх, эдийн засгийн, нийгмийн болон бусад асуудлаар албаны хүмүүс, бизнес эрхлэгчид, эрдэмтэн, мэргэжилтнүүд хооронд харилцаа холбоо тогтоох тавцан болоход чиглэдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин Хятад улсын нээлттэй байх бодлогыг өргөтгөх шинэ арга хэмжээг зарлана  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй