Аялал жуучлал, амралт зугаалгын төрөл дотроо хамгийн гайхамшигтай нь далайн тэнгисийн зугаалга байдаг. Хэдий тийм боловч хамгийн эрсдэлтэй аялалд тооцогдоно.
Гэнэтийн ослоос болж ямар нэгэн байдлаар хүн усанд унаж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд аврах хантааз хэрэг болдог. Тэгвэл энэ удаад бид нэгэн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Энэ бол усанд хүрмэгцээ агаараар дүүрч хурдан хугацаанд дэлгэгддэг усан дээр хөвөх зориулалтын аврах хэрэгсэл болох "ОNE UP" юм. Далайн эргийн амралтын бүс болон томоохон нуур, ширүүхэн урсгалтай голд ашиглах боломжтой аврах хэрэгсэл юм.
Хуучин бол уламжлалт хэлбэр загварын том дугуй хэлбэртэй хийлдэг хэрэгслийг усан онгоц болон завинаас шидэж ашигладаг байсан. Харин өнөө цагт техник технологийн болон инженерийн салбарын зохион бүтээгчид шинэ төрлийн жижигхэн, авч явахад авсаархан аврах хэрэгслийг бүтээгээд байна.
Энэхүү хэрэгслийг хаана, хэзээ ч биедээ авч явж болно. Гэнэтийн, зайлшгүй шаардлагатай, хүний амь насыг аврах тохиолдолд шууд л тухайн усан дээр хөвж байгаа хүний зүгт шидэхэд л хангалттай аж. Усанд хүрмэгцээ хоромхон зуур агаараар дүүрч, өөрөө дэлгэгдэнэ. Жижигхэн, хөнгөхөн учраас хол шидэх боломжтой гэнэ.

"ОNE UP" гарааны компанийн бүтээл. Энэ аврах хэрэгсэл нь эвхэгдсэн үедээ энгийн нэгэн шүхэр шиг хэлбэртэй, харин дэлгэгдсэн үедээ аврах хэрэгслийн тойрог хэлбэртэй болдог. Усанд хүрмэгцээ хоёрхон секундын дотор дэлгэгддэг байна.
Өөрөө 363 грамм жинтэй бол агаараар дүүрч дэлгэгдсэн үедээ 150 кг хүртэлх жинтэй зүйлийг дааж, хөвөх боломжтой юм. Усан дээр дэлгэгдсэн тохиолдолд ямар ч хэлбэрээр ашиглаж болно. Хүзүүгээрээ оруулах, мөрөн дээрээ тохох гэх мэт энгийн аврах хэрэгслийг хэрхэн ашигладаг яг л тэр зарчмаар ажиллах аж. Дахин ашиглах ч боломжтой юм байна. Нэг ширхэгийнх нь үнэ 49 ам.доллар ажээ.
| Усан дээр хөвөх зориулалтын шинэ загварын аврах хэрэгсэл "ОNE UP" 49 ам.долларын үнэтэй | ||
| Үзсэн: 2832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.