Япон, Хятад болон БНСУ тавдугаар сарын 9-ний өдөр Токио хотноо гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна. Энэ тухай Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлсэн байна.
Гурван улсын хувьд хамгийн сүүлд гурван жилийн өмнө буюу 2015 онд Өмнөд Солонгост дээд хэмжээний уулзалт болж байсан юм. Харин энэ удаагийн Токиогийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш анх удаа оролцох гэж байгаа юм байна. Мөн Япон улсад анх удаа ажлын айлчлал хийх гэж буй юм. Тэрбээр гурван талт дээд хэмжээний уулзалтад оролцохоос гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй хоёр талт яриа хэлэлцээ хийнэ.

Дорнод Хятадын тэнгис орчимд далай тэнгист, агаарын орон зайд ямар нэг мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх механизмыг эцэслэн хэлэлцэх явдал Ли Көцяны Шинзо Абэ-тэй хийх яриа хэлэлцээний гол сэдэв байх болно гэж ажиглагчид харж байна. Дорнод Хятадын тэнгист Япон, Хятадын хооронд японоор "Сэнкаку", хятадаар "Дяо-юй-дао" нэртэй арлын төлөөх газар нутгийн маргаан бий. Энэ арал орчимд байгалийн хийн асар их нөөц илэрсэн бөгөөд хоёр орны эдийн засгийн бүсийн хил үүгээр дайрч өнгөрдөг.
Үүнээс гадна Ли Көцян Японы бизнесийн холбооы зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, Хятадын Засгийн газрын “Бүс ба зам” санаачилгын талаар ярих юм. Бас нэг онцлох зүйл гэвэл, түүнийг Японы эзэн хаан Акихито хүлээн авч магадгүй байна.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин-ий хувьд түүний Токиод хийх айлчлал албан бус айлчлал байна. Энэ нь Япон улс 1910-1945 онд Солонгосын хойгийг булаан эзлэж байхаас үүдэлтэй зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлаар сүүлийн үед хоёр орны харилцаа муудсантай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна.
| БНХАУ, БНСУ, Японы гурван талт дээд хэмжээний уулзалт болно | ||
| Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.