АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагчийн Баоагийн Азийн форумын үеэр зарласан Хятадыг нээлттэй байх бодлогыг өргөтгөх тухай шинэ арга хэмжээг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Хятадын төрийн тэргүүний ирээдүйд хэрэгжүүлэх энэ бодлого арга хэмжээ нь 2 орны хооронд үүсээд байгаа худалдааны асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд ахиц болно гэж найдаж байгаагаа онцолсон байна. 2002 оноос хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Боаогийн азийн эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн Ням гаригт Хайнан аралд нээлтээ хийсэн. Боао Азийн форумыг БНХАУ-ын удирдагч Си Зинь нээлээ. Тэрээр, Хятад улсыг нээлттэй байх бодлогыг өргөтгөх шинэ арга хэмжээг зарласан байна. Ингэснээр, Хятад улс эдийн засгийн даяарчлалд бүх талын дэмжлэг үзүүлэхийн нотолгоо болох юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Ази тив дэлхийн цэцэглэн хөгжилтийн төлөө” гэсэн уриан дор явагдаж байна.
Энэ онд, Хятадын нээлттэй байх бодлогын 40 жилийн ой тохиож байгаа, иймээс Ши Зиньпин Боаогийн форумыг нээж үг хэлэхдээ хятад улс бодлогын хүрээнд чөлөөт худалдааны хэд хэдэн бүс байгуулах эрмэлзэлтэй байгаагаа зарласан байна. Мөн, БНХАУ зах зээлээ улам нээлттэй болгон, гадны хөрөнгө оруулагчдад зах зээлдээ нэвтрэх боломжийг илүү нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн, импортын татварыг бууруулна гэдгээ амалсан байна.
Дөрвөн өдөр зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөх Боаогийн чуулга уулзалтад 2 мянга гаруй улс төрчид, бизнесменүүд, академчид, эдгээрийн дотор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард, Австрийн канцлер, Филиппиний ерөнхийлөгч, Монгол, Финланд, Пакистан, Шинэ Зеланд, Сингапурын ерөнхий сайд нар оролцож байна. “Азийн Давос” гэж нэрлэдэг энэ чуулганы гол зорилт азийн орнууд хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн бусад орнуудтай эдийн засгийн харилцаа холбоог идэвхжүүлэх эдийн засгийн нийгмийн болон бусад асуудлаар албаны хүмүүс бизнес эрхлэгчид, эрдэмтэн, мэргэжилтнүүд хооронд харилцаа холбоо тогтоох тавцан болоход чиглэсэн юм.
| АНУ БНХАУ-ын нээлттэй байх бодлогыг өргөтгөх шинэ арга хэмжээг сайшаажээ | ||
| Үзсэн: 1495 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.