Шууд Chart

Алжир улс 3 хоног гашуудал зарлалаа

2018-04-12 16:55:21

Алжирийн зэвсэгт хүчний онгоц осолдож үүний улмаас 257 хүн амиа алдсан тухай тус улсын батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Орон нутгийн цагаар, өчигдөр өглөөний 8 цагт Алжир улсын хойд хэсэгт орших Буфарике цэргийн нисэх буудлаас тус улсын зэвсэгт хүчний цэргийн тээврийн Ил-76 онгоц тус улсын өмнөд хэсэгт орших Бечар болон Тиндоуф бүс нутагт байрлаж байгаа дүрвэгсдийн хуаранд тусламж үзүүлэх зорилготой нисчээ.

Уг онгоцонд цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд гээд нийт 247 зорчигч хөлгийн багийн 10 гишүүний хамт хөөрсөн байна. Харамсалтай нь онгоц хөөрөөд хэдхэн минутын дараа Блида мужид унасан байна. Энэ осол бол Алжирийн иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн нисэх онгоцны осол болж байна. Үүнээс өмнө 4 жилийн өмнө 2014 онд мөн зэвсэгт хүчний Ил-76 онгоц осолдож 123 хүн амиа алдаж байсан юм.

Зөвхөн Алжир төдийгүй дэлхийн дахины хувьд ч энэ осол нь хамгийн олон зорчигч амиа алдсан томоохон ослын нэгд тооцогдож байна. Хамгийн сүүлд мөн өнгөрсөн 2014 онд Малайзын иргэний агаарын тээврийн 298 зорчигч тээвэрлэж явсан ЭмЭйч-17 онгоц, осолдож байсан байна.

Энэ ослыг нүдээр харсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар бол онгоц газарт унамагцаа удалгүй бүхээг хэсгээс гал гарч улмаар дэлбэрсэн байна. Хүчтэй дэлбэрэлт болсон учраас онгоцны бүх зорчигчид амиа алдсан байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Одоогийн байдлаар Алжирийн эрх баригчид уг хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Алжирын ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика олон хүн амь эрсэдсэн энэ осолтой холбоотойгоор улс орон даяар 3 хоногийн гашуудал зарласан байна. Одоогийн байдлаар онгоц осолдсон бүс нутгийн орчмын замын хөдөлгөөнийг хааж аврах багийнхан болон цэрэг цагдаагийн байгууллагынхан онгоцны хар хайрцгийг хайх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алжир улс 3 хоног гашуудал зарлалаа  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй