Шууд Chart

Энэ оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо

2018-04-18 12:24:25

Энэ долоо хоногийн эхний өдөр сэтгүүл зүйн   салбарын  хамгийн нэр хүндтэй  шагнал  болох Пулитцерын  шагналын  эздийг   тодрууллаа. 1917  оноос  хойш  олгож  байгаа энэ  шагналыг 21  номинацаар  шалгаруулж  олгодог  юм.

Энэ  жил   Холливудын нэрт  продюсер Харви Вайнштейний нэр холбогдсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийг анх нийтэд  дэлгэсэн "Нью-Йорк таймс" сонин болоод "Нью-Йоркер" сэтгүүл "Олон  нийтийн  төлөө  хүчин  зүтгэгчид" номинацаар энэ шагналыг хүртсэн байна. Хэвлэл мэдээллийн энэ байгууллагууд   бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар анх зоригтойгоор нийтэлж, АНУ төдийгүй дэлхий даяар ийм хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэх уриалгад олныг нэгтгэхэд  хувь нэмрээ оруулсан хэмээн ийнхүү үнэлэгдсэн  байна.

Түүнчлэн, "Вашингтон пост"-ынхон сенатад нэр дэвшин өрсөлдсөн Рой Мурын бэлгийн дарамтын талаар нийтэлснээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн номинацад   Пулитцерийн шагналыг хүртлээ. Гэрэл зургийн мэдээний төрлөөр Мьянмарын үндэсний цөөнхийн  талаарх  сурвалжилгаараа Ройтерс шалгарч Пулитцерын шагналтан боллоо.

Харин дотоод улс  төрийн сэдэвтэй  шилдэг материал номинацад ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  нөлөөлсөн гэх асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга нийтэлсэн "Нью-Йорк Таймс",  "Вашингтон  пост"  шалгарч, Пулитцерын  шагнал хүртэхээр болсон байна. Түүнчлэн Калифорн мужийн Санта Роза хотын "The Press Democrat" сонин  тус мужид гарсан ойн  түймрийн  талаарх мэдээллийг  шуурхай  дамжуулж  байсныхаа төлөө  Пулитцерын  шагналын эзэн  болжээ. 

Пулитцерын шагналын уран  сайхны  шилдэг  бүтээлийн эзнээр хайр дурлалд  насны хязгаар үгүйг  өгүүлсэн номын зохиогч Эндрю Шон Грир хүртсэн байна. Америкийн түүхийн  ном номинацад  Мексикийн булан,  Америкийн далай тэнгисийн  түүх номыг бичсэн  Жек  Дэвис  тэргүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо   
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй