Калифорнийн "Протерра" компанийн бүтээсэн "CATALYST E2 MAX" нэртэй цахилгаан хөдөлгүүртэй автобус дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон юм. Тус автобус нэг удаагийн бүрэн цэнэгтэйгээр зогсолтгүй 1772.21 км зам туулжээ. Компанийн удирдлагууд технологийн хурдацтай хөгжлийн ачаар автобусанд суурилуулсан энэ шинэ төрлийн цахилгаан эрчим хүч хуримтлуулагчийг бүрэн цэнэглэхийн тулд ердөө нэг цаг шаардлагатай хэмээн онцолсон юм байна.
Дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоогоод байгаа 12 метрийн урттай зорчигч тээврийн автобус 660 киловатт цаг хүртэлх эрчим хүч хуримтлуулагч батарейгаар тоноглогдсон байна. Энэ нь ойролцоогоор Чэви Боолт хэмээн нэрлэгддэг цахилгаан хөдөлгүүртэй автомашинд суурилуулдаг батарейг 11 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй гэж мэдээлсэн юм.
Энэ гайхалтай шинэ технологийг тээврийн салбарт нэвтрүүлж чадсан нь "Протерра" компанийн зохион бүтээгчид, дизайнер болон цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг судлах судалгааны баг хамт олны хэдэн зуун удаагийн туршилтын үр дүн гэдгийг компанийн удирдлагууд хэлжээ.
Байгаль дэлхийд хор нөлөөгүй зарчмаар эрчим хүч гарган, түүнийгээ авто тээврийн салбарт нэвтрүүлж, хөгжүүлж байгаа нь улс орны эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц хэмнэлт авчрах гол ач холбогдолтой зорилтот ажил юм. Өмнө нь дэлхийн дээд амжилтыг нэг удаагийн бүрэн цэнэгтэйгээр 1631 км зам туулсан амжилт эзэлж байсан байна.
Туршилт амжилттай хэрэгжсэн тул тус загварын цахилгаан хөдөлгүүртэй "CATALYST E2 MAX" автобусыг Лос-Анжелес хотын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн салбарт нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж.
| "CATALYST E2 MAX" цахилгаан автобус нэг удаагийн бүрэн цэнэгтэйгээр 1772.21 км зам туулжээ | ||
| Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.