Шууд Chart

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео Пхеньянд нууц айлчлал хийжээ

2018-04-19 10:36:45

АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн, Төрийн  нарийн  бичгийн даргад  нэр  дэвшээд  байгаа Майк Помпео Пхеньянд  нууц айлчлал хийсэн тухай  мэдээллийг хэвлэлүүд онцолж байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэрээ  нууцлахыг хүссэн эх  сурвалж  мэдэгдсэн юм  байна.

Түүний  мэдэгдсэнээр Помпео "Улаан  өндөгний  баяр"-аар   буюу  өнгөрсөн гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1-нд Умард Солонгост очсон  байна. Түүний энэ нууцлаг айлчлалын зорилго нь Ерөнхийлөгч Трамп  болон Умардын удирдагч Ким Жон  Ун  нарын  уулзалт хэлэлцээнд  бэлтгэхэд  чиглэгдэж  байсан байна.

Трамп  Ерөнхийлөгч ч саяхан хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгостой онцгой өндөр түвшинд яриа хэлэлцээ хийж байгааг тэмдэглэн хэлж байсан юм. Майк Помпео Пхеньян руу яриа хэлэлцээ хийхээр  ниссэн  тухай хамгийн анх "Вашингтон пост"-ын сэтгүүлчид мэдээлсэн юм. Тус сониныхон 2000 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт  Умардын удирдагч Ким Чен Иртэй уулзахаар Умард Солонгосыг зорьж байснаас хойш  Вашингтон Пхеньяны хооронд ийм өндөр түвшний уулзалт болоогүйг тэмдэглэсэн байна.

Сэтгүүлчид Тагнуулын төв газар, Цагаан ордон, НҮБ-ын дэргэдэх Умард Солонгосын төлөөлөгчийн газарт хандаж энэ дээрх мэдээллийг  тодруулахыг  чармайсан боловч аль, аль нь энэ нууц  айлчлалын  тухай  ямар нэгэн  тайлбар  өгөхөөс татгалзсан  байна.  Харин  "Ройтерс" агентлаг эх сурвалжийнхаа мэдээлэлд үндэслэн ийм айлчлал болсныг баталсан байна.

Хэдийгээр АНУ болон БНАСАУ-ын дипломатууд, албаны төлөөлөгчид харилцан айлчлал ховорхон ч гэсэн хийдэг  боловч хоёр улс дипломат харилцаа  одоог хүртэл  тогтоогоогүй.  2014 онд  Умард  Солонгост АНУ-ын Үндэснйи тагнуулын газрын  дарга  Жеймс  Клаппер  хүрэлцэн очиж байсан. Гэхдээ тэрбээр Умардын шоронд  хоригдож  байсан хоёр иргэнээ эх нутагт нь хүргэх зорилгооор тус улсад ирж байсан юм. Хоёр улсын харилцаа  голдуу албан  бус  сувгаар,  эсвэл зуучлагчдаар  дамжуулагддаг байсан. Солонгосын дайн дууссанаас хойш 65 жил өнгөрөөд байгаа ч  Умард  Солонгосын тал АНУ-тай  төдийгүй Өмнөд  хөрштэйгээ ч  энхийн гэрээ байгуулаагүй байгаа билээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео Пхеньянд нууц айлчлал хийжээ   
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй