Шууд Chart

АНУ, Умард Солонгосын дээд уулзалтыг боломжит 5 газрын нэгээс сонгон зохион байгуулна

2018-04-19 10:51:49

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургаадугаар сарын эхээр, эсвэл түүнээс өмнө Умард Солонгосын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийхээр  төлөвлөж  байгаагаа зарлаад байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын дээд уулзалтыг  боломжит таван газраас сонгон зохион байгуулахаар төлөвлөж  байгаагаа мэдэгдсэн ч  энэ мэдээллээ  тодруулахаас татгалзсан байна.

Үүнтэй холбоотойгоор олон улсын шинжээч мэргэжилтнүүд төдийгүй хэвлэлийнхэн АНУ, Умард Солонгосын дээд уулзалт болох магадлалтайд  тооцогдож  байгаа  улс, хотуудыг нэрлэхийг  чармайж  байна. "Си Эн Эн" өнгөрсөн сард АНУ-ын албаныхан хоёр улсын удирдагчдын уулзалт  зохион  байгуулах  боломжтой  газруудаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нэрлэж байсныг дахин сануулж байна. 

Түүнчлэн хоёр Солонгосын цэрэггүй бүс, төвийг сахигч Швед, Швейцарь улсуудын нийслэл, Жежу арал, эсвэл далайн олон  улсын  харьяалал  бүхий хэсэгт, Зүүн өмнөд Азийн Сингапур, Малайз  улсуудыг нэрлэж  байсан юм. Өнгөрсөн сард Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Шведийн  Стокхольм хотод айлчилсантай  холбоотойгоор энэ хот хоёр удирдагчийн түүхэн уулзалт болох газраар сонгогдох магадлалыг нэмэгдүүлсэн. Мөн  барууны орноос ганцхан Швед улс л Умард Солонгост Элчин сайдын яамаа нээсэн байдаг бөгөөд 1973 оноос хоёр улс дипломат харилцаа тогтоосон  байдаг учир дээд уулзалт зохион байгуулах боломжтой таван газрын жагсаалтын тэргүүнд Стокхольм бичигдэж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж  байна.  

Харин Монгол Улсын тухайд АНУ, Умард Солонгос улсын аль алинтай нь найрсаг харилцаатай. АНУ ардчилсан хэмээн хүлээн зөвшөөрсөн бүс нутгийн цорын ганц улс. Ложистикийн хувьд Умард Солонгост асуудал үүсгэхгүй. Агаараар, эсвэл төмөр замаар БНХАУ, ОХУ-ыг дайран өнгөрч  Улаанбаатарт ирэх боломжтой. Өмнө нь Япон БНАСАУ-ын уулзалтыг зохион байгуулсан туршлагатай гэх зэрэг давуу тал, боломжууд  бийг  тэмдэглэж  байна. Хэдийгээр Трамп Ерөнхийлөгч боломжит таван газрыг нэрлээгүй ч АНУ-д энэ уулзалтыг зохион байгуулах уу гэсэн асуултад шууд "үгүй" гэсэн хариулт өгсөн байна.

Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй хийсэн уулзалтынхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал  дээр  ийнхүү  мэдэгдсэн. Хоёр улсын төр засгийн тэргүүнүүдийн Мар А Лаго эдлэнд хийсэн уулзалтын тухайд Умард Солонгосын  цөмийн хөтөлбөр, тус улсад хулгайлагдсан  Япон иргэдийн  асуудлаас гадна хоёр талын худалдааны тухай хөндөж хэлэлцсэн байна. 

Гол нь Японы Ерөнхий сайд АНУ, Умард Солонгосын дээд уулзалтаар хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хөндөж тавина гэсэн амлалтыг Трамп  Ерөнхийлөгчөөр хийлгэж чадсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Умард Солонгосын дээд уулзалтыг боломжит 5 газрын нэгээс сонгон зохион байгуулна   
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй