Арменийн сөрөг хүчний идэвхтэнүүд Ереван хотын төв гудамжийг өчигдөр дахин хаасан байна. Тэд нийслэл хотын төв талбайн бүх орц, гарцыг хааж хаалт хамгаалалт босгожээ. Хэсэг залуус Ереваны төв дэх Маштоцийн өргөн чөлөөний дэлгүүрүүд, барилгуудын шил, цонхыг хагалж, гэрлэн дохио, замын тэмдгүүдийг ч эвдэлж сүйдэлж байсан байна. Үүнээс үүдэн цагдаа нар болон тэдний хооронд ширүүхэн мөргөлдөөн гарсан юм.

Харин сөрөг хүчнийхэн ийм үймээн гаргасан хүмүүс тэдэнтэй холбоогүйг мэдэгдэж байна. Арменийн сөрөг хүчнийхэн өнгөрсөн 13-ны өдрөөс экс Ерөнхийлөгч Серж Саргсяныг Засгийн газрын тэргүүний албанд нэр дэвшүүлснийг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж эхэлсэн юм.
Гэвч сөрөг хүчнийхний эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан Арменийн парламент Саргсяныг Ерөнхий сайдаар сонгоод байна. Үүнтэй холбоотойгоор парламент дахь сөрөг хүчний удирдагч Никол Пашинян мэдэгдэл хийхдээ улс орон даяар хилэн хувьсгал эхлүүлэх болно хэмээн зарлаад байна.
Гурван жилийн өмнө Арменид үндсэн хуулийн шинэтгэл хийж, парламентын засаглалтай улс болсон. Шинэ үндсэн хуулийн дагуу улс орныг удирдах бүх эрх мэдэл гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайдад оногдохоор болсон юм.
Серж Саргсяны хувьд Арменийн төрийн тэргүүний албыг сүүлийн 10 жилийн туршид хашсан юм. Харин ийнхүү үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу дахин улс орныг удирдах болж байгааг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж буй нь энэ юм байна.
| Арменийн сөрөг хүчнийхэн Ереван хотын төв гудамжийг бүслэн хаажээ | ||
| Үзсэн: 2181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.