АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдээд байна. Тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд уулзалт нь амжилттай болох ёстой. Үгүй бол энэ уулзалтад оролцохгүй гэдгээ онцлон мэдэгдсэн юм.
Цагаан ордны тэргүүн Флорида муж дахь хувийн эдлэндээ Японы Ерөнхий сайд Абэ Шинзог хүлээн авч уулзсаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү онцолсон байна. Тэрээр Ким Жон Унтай хийх уулзалт нь дэлхийн түвшний амжилт дагуулах ёстой хэмээн тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ АНУ Умард Солонгостой харилцах харилцаанд урьд өмнө байгаагүй бат тууштай байр суурьтай байгааг тэрээр онцолсон юм. Энэ үеэр Умардын удирдагчтай хийх уулзалтынхаа үеэр тус улсын тусгай ажилтнуудын хулгайлсан Япон иргэдийн асуудлыг сөхөж тавихаа дахин баталсан юм.
Харин АНУ, Японы төр засгийн тэргүүн нарын уулзалтаар өөр онцолж хэлэлцсэн асуудал нь 2 талын эдийн засаг, худалдааны харилцаатай холбоотой байсан байна. Ерөнхийлөгч Трамп АНУ Японтой хийж байгаа худалдаанаас жилдээ 68-100 тэрбум ам.долларын алдагдал амсч байгааг тэмдэглэн хэлсэн. Энэ алдагдлыг их гэж Трамп Ерөнхийлөгч үзэж байгаа учир Японы ган, хөнгөн цагаанд импортын гаалийн татвар ногдуулахаас өөр аргагүй байснаа тайлбарласан байна. Харин Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 2 улс худалдааны салбарт шударга, харилцан ашигтайгаар хамтран ажиллах шинэ гэрээ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр болсныг мэдэгдсэн байна.
| Ерөнхийлөгч Трамп ямар тохиолдолд Умард Солонгосын удирдагчтай хэлэлцээ хийхээс татгалзахаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.