Шууд Chart

АНУ, Умард Солонгосын төлөөлөгчдийн уулзалт Панмунжомд болно

2018-05-28 12:44:35

АНУ, БНАСАУ-ын  дээд  уулзалтын  бэлтгэлийг хангах ажил идэвхжээд байгааг батлах мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарсаар байна. Юуны түрүүнд АНУ-ын төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт хоёр Солонгосын цэрэггүй бүсийн Панмунжом суурингийн Энхтайвны өргөөнд өнөөдөр эхлэх гэж байгааг мэдээлсэн юм.  

Түүний өмнө "Вашингтон пост" эх сурвалжийнхаа мэдээлэлд үндэслэн АНУ-ын  төлөөлөгчдийг  Төрийн Департаментын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сон Ким тэргүүлж байгааг дамжуулсан юм. Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний  аюулүй байдлын  Өмнөд  Солонгос  болон Умард  Солонгосын асуудал  эрхэлсэн зөвлөлийн гишүүн Элисон Хукер, Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал эрхэлсэн туслах  Рэндалл Шрайвер нар багтсан байгаа юм байна. 

АНУ-ын төлөөлөгчид өчигдөр Умард Солонгост очсон гэсэн мэдээлэл  ч  байна. АНУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Умард Солонгосын Гадаад хэргийн  яамны орлогч сайд Чхве Сон Хитэй  уулзалт  хийсэн. Харин хоёр улсын төлөөлөгчид уулзалтаа Панмунжомд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэдэг мэдээлэл  байна. 

Уулзалт ирэх хоёр өдөр болно гэж мэдээлж байгаа ч одоогоор албаныхан батлаагүй байна. Өчигдөр мөн олон улсын хэвлэлүүд Умард Солонгосын удирдагч  Ким Жон Уныг  Бээжинд айлчилж Хятадын удирдагч Си Жиньпинтэй гурав дахь удаагийнхад  тооцогдож  уулзалт хэлэлцээ хийж  магадгүй  байгаа тухай  мэдээлж байсан. Түүний айлчлалын бэлтгэлийг хангахаар Умард Солонгосын өндөр албан тушаалтнууд Бээжинд хоёр өдөр ажилласан тухай мэдээлж байсан юм.

Тодруулбал, Умард Солонгосын төлөөлөгчид Бээжинд хийх Ким Жон Уны айлчлалын бэлтгэл ажлыг хангасан  гэж  үзэж  байсан. "Ренхап" агентлагийн мэдээлснээр Ким Жон Уны шадар туслах  буюу Тамгын газрынх нь дарга  Ким Чхан Сон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны Олон улсын харилцааны асуудал  эрхэлсэн газрын орлогч дарга Ким Сон Нам нар энэ сарын 24-26-ны өдрүүдэд Бээжинд ажилласан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Умард Солонгосын төлөөлөгчдийн уулзалт Панмунжомд болно   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй