Сирийн Дейр Эз Зор муж дахь Засгийн газрын цэргүүдийн байрлал руу зэвсэгт бүлэглэлийнхэн халдах үеэр Оросын цэргийн дөрвөн зөвлөх амь насаа алдсаныг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Мөн энэ халдлагад өртсөн Оросын гурван цэргийн албан хаагч гэмтэж, шархаджээ.
Амиа алдсан цэргийн зөвлөхүүдийн хоёр нь хүнд шархадсан байсан бөгөөд эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч амь насыг нь аварч чадаагүй байна. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр террористуудын хэд хэдэн хөдөлгөөнт бүлгийнхэн Дейр Эз Зор муж дахь Сирийн армийн их бууны салаа руу дайрсан байна.
Сирийн цэргүүд террористуудын хоорондын тулаан цаг гаруйн туршид үргэлжилжээ. Энэ үеэр 43 террористыг, том их буунууд суурилуулсан туулах чадвар өндөртэй 6 автомашиныг нь устгасан байна. Энэ тулаанд Сирийн Засгийн газрын цэргүүдээс гадна Оросын офицерүүд бүхий зөвлөх багийнхан ч оролцсон байна.
Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Сирид амиа алдсан цэргийн зөвлөхүүд нь Ар Байгалийнх байсан аж. Сири дэх Оросын цэргийн ажиллагаа 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлсэн юм. Оросын агаар сансрын хүчнийхэн Сирийн армийн хуурай газрын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин агаарын цэргийн энэ ажиллагааг амжилттай дуусгаснаа өнгөрсөн онд зарласан. Өнөөдөр Сирийн Хмеймимд агаарын цэргийн, Тартуст тэнгисийн цэргийн бааз нь байрладаг юм. Харин Оросын цэргийн зөвлөхүүд, Батлан хамгаалах яамны тусгай ажиллагааны анги нэгтгэлийнхэн, цэргийн цагдаагийнхан, дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төвийн дайчид Сирид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

| ОХУ-ын Батлан хамгаалах яам Сирид цэргийн 4 зөвлөх нь амиа алдсаныг баталлаа | ||
| Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.