Шууд Chart

Италийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Конте шинэ засгийн газар эмхлэн байгуулж чадсангүй

2018-05-29 14:26:23

Италийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Жузеппе Конти шинэ засгийн газар эмхлэн байгуулах оролдлогоосоо татгалзлаа. Татгалзах болсон гол шалтгаан нь ерөнхийлөгч ерөнхий сайдын санал болгосон эдийн засгийн сайдад нэр дэвшигчийг нь дэмжээгүй явдал юм байна.

Конти өчигдөр ерөнхийлөгчтэй уулзаж, эвслийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ. Гэвч тэрбээр уулзалтын дараа хэлэхдээ: “би ерөнхийлөгч Маттареллагаас надад олгосон засгийн газар байгуулах мандатаас татгалзлаа” гэжээ. Эдийн засгийн сайдад нэр дэвшигчийн асуудал Италийн шинэ засгийн газар эмхлэн байгуулах үйл хэрэгт гол саад тотгор болжээ. Италийн хуулинд зааснаар: ерөнхийлөгч сайд нарын танхимын гишүүнд нэр дэвшигчийг дэмжихгүй байх, хориг тавих эрхтэй юм байна.

Гэвч ерөнхийлөгчийн энэ шийдвэр эвсэлд багтсан 2 намын удирдагчдын дургүйг хүргэсэн бололтой. “Таван одод” хөдөлгөөнтэй хамт профессор Контег ерөнхий сайдад дэвшүүлсэн хэт үндсэрхэг “Лига” нам 81 настай эдийн засагч Паоло Савоныг эдийн засгийн сайдааар томилохыг шаардаж байсан. Гэвч Савоны нэгдмэл европын эсрэг байр суурь ерөнхийлөгч Сержо Маттарелад таалагдадгүй юм байна. Сая Италид болсон парламентын сонгуульд ялж, эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд орохоор болсон хэт үндсэрхэг “Лига” нам болон “Таван одод” хөдөлгөөн 53 настай мэргэжлийн өмгөөлөгч Жузеппе Контег ерөнхий сайдад дэвшүүлсэн. Итали улсад сонгуулийн дүнд ийм эвсэл байгуулагдаж байгааг европын холбооны хувьд “хар дарсан зүүд” гэж үзэж байна.

Итали улсад 3-р сарын 4-нд болсон парламентын сонгуулиар нэг ч нам, эвсэл олонхи болж чадаагүй тул өнөөг хүртэл засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй байна. Ажиглагчид Италд болж байгааг улс төрийн хямрал гэж байгаатай холбогдуулан одоо ерөнхийлөгчийн хувьд улс оронд бий болсон улс төрийн хямралыг гэтлэн давах цорын ганц арга нь бүх нийтийн ээлжит бус сонгууль зарлах явдал болоод байна.              

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Конте шинэ засгийн газар эмхлэн байгуулж чадсангүй  
Үзсэн: 1707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй