Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэтгэлэг болох АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хоёр ч удаа хамрагдан, Нью Йорк мужийн их сургуульд англи хэлний заах арга зүйгээр мастерийн зэрэг хамгаалсан Х.Нинж-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Academia english language institute”-ийн үүсгэн байгуулагч юм.
-Бидний урилгийг хүлээн авсанд баярлалаа. Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Баярлалаа. Би өглөө босоод 10-15 минут дасгал хийдэг. Дараа нь цайгаа уучихаад боломж гарвал гэртээ, амжихааргүй байвал ажлынхаа өрөөнд бясалгал хийдэг. 09:00 цагаас хичээлтэй байдаг учраас өмнө нь бясалгалаа хийхийг хичээдэг. Амжихгүй бол хичээлийн дараа 12:00 цагаас өмнө хийнэ. Ингэвэл өдөртөө илүү үр дүнтэй байх шиг санагддаг.
-24 цагийг хэрхэн үр бүтээлтэй төлөвлөж байна вэ?
-Хүсвэл нэг өдөрт нэлээн их зүйл амжуулж болно. Миний хувьд хичээл заахад нэг талаараа их цаг зарцуулдаг. Нөгөө талаараа өөртөө цагийг аль болох ашигтай өнгөрөөхийг хичээдэг. Өөрийнхөө эрүүл мэнд талаасаа эрүүл байх дадлуудыг ерөнхийдөө өөртөө суулгачихсан. Тэдгээрийгээ л хийдэг дээ.
-Хувь хүнд байх ёстой хамгийн чухал гурван чадварыг нэрлээч гэвэл та юу гэх вэ?
-Сүүлийн үед би хүмүүсийг өөрийнхөө төлөө юм хийхээс гадна бусдын төлөө байгаасай гэж хүсэх болсон. Яагаад гэвэл Монголд байдал их хэцүү байна. Бүгдээрээ нэг зүйлийн төлөө явж, хийдэг болохын тулд хүн эхлээд өөрөө өөртөө анхаарна. Дараа нь бусдын төлөө сайн зүйл хийдэг тэр дадлыг хэвшүүлэх юм. Гэхдээ хариуд нь юм авах биш. Би үүнийг бусдын төлөө хийж байгаа шүү, миний хийж байгаа зүйл бусдад сайнаар нөлөөлөөсэй гэсэн өөдрөг, бусдын төлөө гэсэн дадал хамгийн чухал. Ингэж чадвал удирдагч, манлайлагч гэдэг чанар яваандаа гараад ирнэ. Удирдагч, манлайлагч хүн бусдын төлөө үйл хийдэг болохоос өөрийн ашиг сонирхлын төлөө байдаггүй. Тэгэхлээр хамгийн анхдагч чадварыг бий болговол бусад чадвар дагалдах байх.
-“Academia English Language Institute”-ийг үүсгэн байгуулаад хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Үүсгэн байгуулах санааг анх хэрхэн олов?
-АНУ, Монгол, Тайландад гэх мэт орны их дээд сургуульд би 13 дахь жилдээ багшилж байна. Яг өөрийн хувийн институт анхнаасаа байгуулах мөрөөдөлтэй байсан гэж хэлж болно. АНУ-д англи хэл заах арга зүйгээр сурч ирээд нэг Америк сургуульд багшилсан. Тэр хугацаанд би ер нь өөрийн хувийн ажлаа хийж эхэлье гэж бодсон. Учир нь миний хиймээр байгаа зүйлийг ямарч сургууль миний санаанд хүртэл хийж чадахгүй байгаа юм шиг санагдсан болохоор өөрөө хийж эхэлье гэж зориглосон. Мэдээж эрсдэл ихтэй, аз туршсан зүйл. Гэхдээ хэн ч хийхгүй байгаа юмыг хиймээр санагдсан учир би өөрөө анх 2014 онд албан ёсоор эрхээ аваад үйл ажиллагаагаа хийж эхэлсэн.
-Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
-Би чанар талаас нь их ярьдаг. Хэл заана гэдэг бол хоосон үг цээжлүүлэхдээ гол нь биш толгой ажиллана гэсэн үг. Хэлийг сурах гэдэг нь тархитай холбоотой, тархийг ажлуулах талаас нь манай сургалт анхаардаг. Цээжлэх бол ой санамжинд тогтоох зүгээр нэг жижигхэн арга. Сурна гэдэг бол бүх оюунлаг процесс тархины бүх хүчин чадлаа ашиглах гэж оролдож байна гэсэн үг. Мэдлэгийг яаж авах вэ гэвэл тархиа ажлуулах, мэдлэг олгох талаас нь илүү заадаг.
-Бусад улсын залуучуудын хэл сурах арга барил Монголынхоос юугаараа өөр вэ. Монгол залуусын хэл сурах арга барил ямар хэмжээнд байна вэ?
-Олон зүйл хэлж болно. Гол нь залуучуудын дунд шалтаг, шалтгаан хоёр их гарч байна. Хүмүүс өөрөө өөртөө би цаг завгүй байна, мөнгө олдохгүй байна гэх мэт шалтаг гаргаад хийдэггүй. Шалтгаан гэдэг нь би яагаад үүнийг сурах ёстой вэ? гэдэг нь юм. Шалтгаа сайн гаргаад байдаг, харин шалтгаанаа тодорхойлж чаддаггүй. Надад яагаад англи хэл хэрэгтэй вэ гэдгээ сайн тодорхойлж чадахгүй байна. Энэ бол эхний асуудал. Хоёрдугаарт, мотиваци буюу сэдэлжилт. Энэ бол хүнийг амжилтад хүрхэд хамгийн том түлхэц болдог. Сэдэлжилтийг дотор нь хоёр ангилдаг. Дотроосоо өөрөө чин сэтгэлээсээ хүссэн сэдэлжилт гэж байна. Нөгөө талаас гадаад хүчин зүйл гэж бий. Манайд гадаад хүчин зүйл нь давамгайлсан байдаг. Би энэ хичээлдээ онц гарахын тулд англи хэлийг зүгээр дүгнүүлээд, юу өгснийг нь цээжлээд гарах гэсэн бодолтой. Гэвч чин сэтгэлээсээ хүсэж хийхгүй байгаа учир тархи тэр мэдээллийг тэгэж гаргадаг. Хэл сурхад хамгийн том гүйцэтгэх үүрэг бол хүн чин сэтгэлээсээ хүсээд, хүсэх л юм бол бүх шалтаг шалтгаанууд тодорхой болчихдог. Би амжилтад хүрэхийн тулд сурах хэрэгтэй байна гэж хүн чин сэтгэлээсээ хүсч, ойлгож чадах юм бол хэл сурах процесс маань өөрийн мэдэлгүй нэг л мэдхэд маш сайн сурчихсан байдаг. Тэрнээс биш би онц авахын тулд энэ Тулгаа, Золоогоос илүү байхын тулд сурна, Америк явахын тулд сурна гэдэг биш. АНУ-руу явна гэдэг бол зүгээр л төлөвлөгөөний жижигхэн хэсэг болохоос том мөрөөдөл биш. Энэ нь өөрөө хүнийг хайрцганд оруулаад байгаа юм.
-Англи хэл сурсан гол арга барил тань юу вэ. Ямар шалтгааныг барьж хэл сурсан бэ?
-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж, өссөн. 1990-ээд оны дундуур сургуульд орсон. Тэр үед үнэхээр шилжилтийн үе хэцүү байсан. Англи хэлний хөтөлбөр ч эхлэх гээд хөл толгой нь олдохгүй, багш нар ч байхгүй. Тэр үед “Найзууд” гээд цуврал кино, “Элэн” гэдэг теле цуврал Оросын телевизээр их гардаг байлаа. Тэд нарыг үзхээр гадаад орон руу явмаар санагддаг болсон. Хэрвээ тийшээ явхын тулд хэлээр нь бас ярьж сурах хэрэгтэй гэсэн өөрийн тэр дотоод сэдэлжилт байсан. Чин сэтгэлээсээ сурах үнэхээр сонирхолтой байсан. Нэг л зүйлийг хэлхэд арга барилын хүнд хамгийн ойрхон буудаг хүнд энэ л зөв юм байна гэдэг ойлголт толгойд төрүүлэх зүйл бол тэр хүн хэл сурч байх явцад тухайн хүн өөртөө маш их асуулт тавьдаг. Эсвэл эргэцүүлдэг мөн толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Ингэхгүйгээр манайхан өнөөдөр толгой өвдөхгүй амархан аргаар англи хэл сурах гээд байна. Толгой өвдөнө гэдэг нь тархинд шуурга болоод байна, тэр зүйлийг ойлгох гэж тархи чинь өөрөө цацрагуудаа ялгаруулж байгаа юм. Ингэх тусам асар их электронууд хоорондоо үйл ажиллагаанд орж байгаа энэ процесс маань тархи маш их ажиллаж байна гэсэн үг. Үүнд би настай дүүгийнхээ жишээг авъя. Гуравхан настай байхдаа ээжийгээ дагаад Австрали явсан юм. Тэнд очоод цэцэрлэгт орохдоо англиар нэг ч үг мэддэггүй байлаа. Харин хоёр сарын дараа намайг очиход “Миний толгой өвдөөд, хүний ярьж байгааг ам руу нь хараад ойлгохгүй байна” гэж хэлсэн. Хэл сурна гэдэг маань ерөнхийдөө тийм л процесс байдаг.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
Э.Ганхуяг



| Х.Нинж-Эрдэнэ: АНУ-руу явна гэдэг төлөвлөгөөний жижигхэн хэсэг болохоос том мөрөөдөл биш | ||
| Үзсэн: 4843 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.