Шууд Chart

Умард Солонгосын төлөөлөгчид дээд уулзалтын бэлтгэл ажлыг хангах уулзалтад оролцохоор АНУ-ыг зорив

2018-05-30 10:59:31

Ирэх сарын 12-ны өдөр Сингапурт товлосон АНУ, БНАСАУ-ын дээд уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлыг хоёр тал идэвхжүүлээд байна. АНУ-ын төлөөлөгчид энэ дээд уулзалтад бэлтгэхээр Пхеньян, Сингапурт ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Умард Солонгосын тал  ч төлөөлөгчдөө  АНУ болон Сингапур  руу илгээсэн тухай хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Тухайлбал, Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын  төв хорооны  орлогч  дарга  Ким Ён Чхоль Нью-Йоркт  ажиллахаар АНУ-ыг зорьж байгаа тухай мэдээлэл ирж байна. Тодруулбал, түүний суусан "Эйр Корео" агаарын тээврийн компанийн онгоц өчигдөр Бээжингийн нисэх онгоцны буудалд  газардсан байна. 

Тэрбээр өнөөдөр 13 цагийн орчимд Нью-Йорк руу ниснэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. Нью-Йорк Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзаж Сингапурын дээд уулзалтын нарийн асуудлуудыг хэлэлцэж  тохиролцоонд хүрэхээр төлөвлөж буй юм байна.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны итгэмжит төлөөлөгч гэгддэг  Ким Чан Сон  тэргүүтэй төлөөлөгчид уржигдар Сингапурт очсон байна.  Тэд Бээжингээр дамжин Сингапурт ирснийг хэвлэлүүд мэдээлж байна. Харин Умардын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх АНУ-ын албаныхан  Токио дахь Ёкота  агаарын  цэргийн баазаар  дамжин Сингапурт очжээ.

АНУ-ын төлөөлөгчдийн дотор Цагаан ордны Тамгын газрын даргын орлогч Жо Хагин багтсан байна. Ийнхүү хоёр тал дээд уулзалтын бэлтгэлийг идэвхтэй хангаж  байгаатай холбоотойгоор АНУ Умард Солонгосын  эсрэг нэмэлт  хориг арга  хэмжээ авахгүй байх шийдвэр гаргасан байна. Харин  АНУ, Сингапурт хийх уулзалтуудаар хоёр тал Умардын цөмийн зэвсэг пуужингуудыг устгах арга  зам,  АНУ-ын талаас  хариуд  нь  авах арга хэмжээний  талаар санал солилцож нэгдсэн тохиролцоонд хүрэх асуудлыг хэлэлцэх юм  байна. 

Үүнтэй холбоотойгоор Умард Солонгосын тодорхой тооны баллистик пуужинг АНУ руу гаргах саналыг Вашингтон тавьж хариуд нь Пхеньяныг  терроризмыг дэмжигч байгууллагуудын жагсаалтаас хасч хүмүүнлэгийн тусламж үзүүлэх замыг нээх санал тавьж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж  байна. 

Харин Умард Солонгосын талаас аюулгүй байдлын найдвартай баталгааг АНУ-ын талаас гаргуулах, цаашлаад эвлэрлийн гэрээгээ энхийн гэрээ  болгон шинэчилж,  дипломат харилцаа тогтоох шаардлага тавихаар төлөвлөж байна гэж  эх сурвалжууд мэдээлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын төлөөлөгчид дээд уулзалтын бэлтгэл ажлыг хангах уулзалтад оролцохоор АНУ-ыг зорив  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй