Нидерланд олон улсын хамтын нийгэмлэгийнхний дэмжлэгтэйгээр Украины зүүн нутагт МН17 чиглэлийн онгоц унасан хэргээр ОХУ-д дарамт шахалт цаашдаа ч үзүүлэх болно гэж мэдэгдлээ. Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараагаар ингэж мэдэгдсэн байна.
Брюссельд болсон уулзалт хэлэлцээгээр Европын Холбооны орнууд 2014 оны долоодугаар сард Украинд "Боинг" онгоц осолдсон хэрэгт ОХУ-д хариуцлага тооцохоор төлөвлөж байгаа Нидерланд, Австрали улсуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Өчигдөр Нью-Йоркт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Боинг"-ийн энэ осолтой холбоотой асуудлыг хөндсөн уулзалт болох гэж байна. Энэ уулзалтад Нидерландын Гадаад хэргийн сайд оролцож, энэ ослын гэм буруутнуудыг тогтоож шүүх үйл явцыг эхлүүлэхэд дэмжлэг авах уриалга гаргахаар төлөвлөж буй юм байна. Үүний зэрэгцээ Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте "Боинг"-ийн энэ ослын уршгаар амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзахаар төлөвлөж байгаагаа олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Мөн ОХУ-ыг хариуцлагад татахаар Голландын тал төлөвлөж байгааг чухал хариуцлагатай алхам хэмээн нэрлээд тэдэнд хандаж тэвчээртэй, хүлээцтэй байхыг уриалсан байна. Малайзийн агаарын тээврийн компанийн Амстердамаас Куала Лумпурын чиглэлд нисч явсан "Боинг 777" онгоц 2014 оны долоодугаар сарын 17-ны өдөр Украины зүүн бүс нутагт осолдсоны уршгаар 298 хүн амиа алдсаны 195 нь Нидерландын иргэн байсан юм.
Энэ бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн ид болж байсан ч Киев Донбассийн агаарын орон зайг хаах шийдвэр гаргаагүй байсан юм. Онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгахаар Австрали, Бельги, Малайзийн төлөөлөгчид багтсан тусгай багийг бүрдүүлсэн юм. Энэ багийн шинжээчид өнгөрсөн 24-ний өдөр урьдчилан тайлангаа танилцуулсан. Энд "Боинг" онгоцыг сөнөөсөн пуужингуудыг харвасан зенит пуужингийн төхөөрөмжийг Оросоос оруулж ирсэн, Оросын зенит пуужингийн 53-р бригадынх байсан гэсэн дүгнэлт багтсан байсан юм.
ОХУ энэ дүгнэлтийг эрс няцаасан. ОХУ-ын БХЯ-наас тус улсын зэвсэгт хүчний зенит пуужингийн нэг ч цогцолбор Орос Украины хилээр нэвтрээгүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ямар ч нотлох баримтгүйгээр ОХУ-ыг энэ хэрэгт буруутгасан олон улсын шинжээчдийн багийн дүгнэлт Их Британийн Солсбери хотод хордсон Скрипалийнхантай холбоотой хэргийн нөхцөл байдлыг сануулж байгааг онцлон мэдэгдсэн билээ.
| Нидерланд ОХУ-д шахалт үзүүлэхээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.