Арабын улс орнууд Катараас дипломат харилцаагаа тасласнаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсний дараа тус улс хариу арга хэмжээ авахаар шийдвэрлээд байна.
Тодруулбал, Катар улсын эрх баригчид Бахрейн, Египет, Арабын нэгдсэн Эмирт улс, Саудын Арабаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн эдгээр орноос импортлон оруулж ирсэн, дэлгүүрийн лангуун дээр тавигдсан байгаа бараа бүтээгдэхүүнийг нэн даруй хураахыг үүрэг болгожээ.
Энэ хориг арга хэмжээг дагаж мөрдөх үүргийг хяналтын байгууллагынханд өгсөн байна. Арабын орнууд ч бараа бүтээгдэхүүнээ Катарт нийлүүлэхийг хориглосон байсан ч Кувейт, Оман улсаар дамжуулан нийлүүлсэн Египет, Саудын Арабын бараа бүтээгдэхүүн Дохад багагүй байдаг байсан. Тиймээс хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор Катарын эрх баригчид ийм хориг арга хэмжээ авахад хүрсэн гэ тайлбарлаж байна.
Катар хоёр талт болон олон талт гэрээниийхээ дагуу худалдаа арилжааны бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ Иран, Турк, Марокко улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байгаагаа мэдэгдэж байна.
Харин Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн Египет улсууд өнгөрсөн оны зургаадугаар сарын 5-нд терроризм болон улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж буруутган Катараас дипломат харилцаагаа таслаж хориг арга хэмжээнүүдийг ч авсан юм.
| Катар Арабын орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо | ||
| Үзсэн: 1833 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.