Шууд Chart

Цөмийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас Умард Солонгосын төлөөлөгчдийн төлбөрийг даах санал гаргажээ

2018-06-04 14:31:10

Энэ  сарын 12-нд АНУ болон Умард Солонгосын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапур улсад болно. “Вашингтон пост” сонины мэдээлснээр, Трамп болон Ким Жон Ын-ы уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Сингапурт ажиллаж байгаа Америкийн төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагчийн зочид буудалд байрлах зардлыг хэрхэн яаж төлөх аргыг эрж хайж байгаа юм байна. Олон улсын хориг арга хэмжээ тогтоосноос болж Умард Солонгос валютын орлогогүй болсон иймээс төлбөр хийх тал дээр хүндрэл гарч байгааг умардын төлөөлөгчид анхааруулсан юм байна.

Вашингтон төлбөрийг хийж болох боловч Пхеньян үүнийг доромжлол гэдгээр хүлээн авах талтай. Иймээс Америкийн төлөөлөгчид Сингапурын эрх баригчдад хандаж уулзалтыг хүлээн авч байгаа талын хувьд зардлыг даах асуудлыг тавихаар болж байгаа юм байна. Сингапурын батлан хамгаалахын сайд Эн Хэнь энэ талаар хэлэхдээ эрх баригчид зөвшөөрнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. “Төлбөр төлөх асуудал бол бидний энэ түүхэн дээд хэмжээний уулзалтад оруулж байгаа өчүүхэн хувь нэмэр” гэдгийг сайд онцолсон байна.

Мөн, 2017 онд Нобелийн энх тайвны шагнал авсан Цөмийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага умардын удирдагчийн Сингапурт зочид буудалд байрлах зардлыг даахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар яг аль тал Умардын зардлыг даах эсэх шийдэгдээгүй байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохдоо хотын төв хэсэгт орших “Фуллертон” зочид буудалд буухаар төлөвлөж байгаа юм байна.

Харин Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болохоор Сентоза арлын “Капелла” зочид буудалд буухыг илүүд үзэж байгаа бололтой. Умардын удирдагчийн буудаллах 5 одтой зочид буудлын тухайд нэг хүний нэг өдрийн төлбөр нь 6 мянган америк доллар юм байна. Харин Трамп, Ким Жон Ын хоёрын уулзалтыг хийх газраар хотын төв хэсэгт орших Шангри-ла зочид буудал сонгогдож байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цөмийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас Умард Солонгосын төлөөлөгчдийн төлбөрийг даах санал гаргажээ  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй