Орхон аймаг “Хүүхдийн эмнэлэг”-ийн барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Нийт 4,2 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байна. Зоорийн давхартайгаа нийлээд таван давхар барилгыг улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын “Цонбон тоосго” ХХК барьж гүйцэтгэжээ
Орхон аймгийн БОЭТ нь Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тул ачаалалтай ажилладаг. Иймд хүүхдийн эмнэлгийг БОЭТ-ийн өргөтгөл болгон барьсан. Өмнө нь БОЭТ-ийн хүүхдийн тасаг нь 35-40 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан.Тус эмнэлэг ашиглалтад орсноор нэг дор 70-80 хүүхэд хүлээж авах хэмжээний болж өргөжиж байна. Үүнийг даган ачаалал ч буурна гэж үзэж байна. Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэнэ. Харин хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг албаныхан онцолж байна.
Өрөө тус бүр нь хүүхэд болон сахиурт зориулсан ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зарим нь хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй гэнэ. Уг эмнэлэг 50 ортой бөгөөд эмчилгээ үйлчилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур үйл ажиллагаа жигдэрнэ. Тус эмнэлэгт шаардагдах лифт цахилгаан шатны асуудлыг орон нутгаас хөрөнгө гарган шийдвэрлэхээр болсон бол Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ардчилсан залуучуудын холбоо, Эрдэнэт хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ТББ зэрэг нь шаардлагатай утлага, нярайн шарлагын аппаратаар бэлэг барилаа
БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус эмнэлэгт үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр ачаалал мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, эмчилгээний үр дүнд ахиц гарна
Сурвалжлагч: А.САРАНЧИМЭГ
| 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.